Уншиж байна ...
Зураг
Зураг

Жорлонгийн суултуур дээр 10 минутаас удаан суухгүй байхыг судлаачид анхаарууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Гар утасны хэрэглээ нэмэгдсэнээс хойш хүмүүсийн жорлонд өнгөрөөх цаг хугацаа уртассан гэдэг.

Гурван минут бие засах хэрэгцээ 15 минутын мэдээлэл унших, хуудас гүйлгэх, зугаацах цагаар уртассан нь нууц биш.

Тэгвэл зарим судлаачид жорлонгийн суултуур дээр удаан суух нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул 10 минутаас хэтрэхгүй байхыг анхааруулжээ.

Тухайлбал геморрой (шамбарам) болон аарцгийн булчин сулрах эрсдэл дагуулдаг байж болзошгүйг АНУ-ын Даллас хот дахь Техасын Баруун Өмнөд Анагаах Ухааны Төвийн бүдүүн гэдэсний мэс засалч, доктор Лай Сюэ дүгнэсэн байна.

“Өвчтөнүүд надад зовлонгоо ярих үед хамгийн түрүүнд асуух нэг гол зүйл бие засахад зарцуулдаг хугацаа болоод байна” гэж тэр ярьжээ.

Хүмүүс суултуур дээр 5-10 минут л суух хэрэгтэй гэж Нью-Йоркийн Лонг Айланд дахь Стони Брүүк Анагаах Ухааны төвийн үрэвсэлт гэдэсний өвчний тасгийн захирал, профессор Фарах Монзур үзэж байна.

Тухайлбал суултуур дээр суухад хүний доод биеийн хүндийн төв буйдан дээр сууснаас доор байрлалд байдаг гэнэ. Ингэснээр цусны эргэлт удааширч, доод хэсэгт хүрсэн цусыг биеийн дээд хэсэг рүү шахахад хэцүү болдог байна.

“Нэг талаараа энэ байрлал нь биеийн доод хэсэгт цусыг шахахад сайн мэт боловч буцаж дээшлэх боломжийг хаадаг” гэж Сюэ тайлбарлажээ.

Үүний улмаас хошного, шулуун гэдэсний доод хэсгийг тойрсон судаснууд томрон цусаар дүүрч, геморрой үүсэх эрсэл бий болдог байна.

Бас суултуур дээр удаан суух нь аарцгийн булчинг сулруулах эрсдэлтэйг судлаачид анхааруулжээ.

Аарцгийн булчин нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд чухал үүрэгтэй, өтгөнийг жигд гаргахын тулд биеийн бусад хэсгүүдтэй холбоотой ажилладаг эд эрхтэн юм байна.

Суултуур дээр удаан суухаас сэргийлэх гол арга нь гар утас, сонин сэтгүүл, ном зэргийг ариун цэврийн өрөөнд авч орохгүй байх явдал болохыг Калифорни мужийн Ирвин дэх Хоуп Оранж Каунти хотын гастроэнтерологич Лэнс Урадомо зөвлөжээ.

“Та тэнд удаан суух ёстой гэсэн сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Жорлонгийн суултуур дээр суухыг аль болох сонирхолгүй ажил болго” гэж тэр зөвлөсөн байна.

Суултууд дээр удаан суух зуршил цаашдаа хорт хавдрын эрсдэл дагуулж болзошгүйг судлаачид анхааруулжээ.

“The American Cancer Society” байгууллагын саяхан гаргасан мэдээллээр бол 1990-ээд оны дунд үеэс 55 хүртэл насны америкчуудын дунд бүдүүн гэдэсний хорт хавдрын өвчлөл нэмэгдсэн байна.

Зөвхөн энэ онд бүдүүн гэдэсний хорт хавдрын 106,590, шулуун гэдэсний хорт хавдрын 46,220 шинэ тохиолдол бүртгэгдэх тооцоог тус нийгэмлэг гаргажээ.

Хэрвээ гурван долоо хоногоос дээш хугацаагаар өтгөн хатах шинж тэмдэг илэрвэл эмчид даруй хандах хэрэгтэйг Монзур доктор зөвлөж байна.

 

Эх сурвалж: CNN