Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарны зам болон Их хүрээний гудамжны нүхэн гарц гэсэн 4 байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа. Эдгээрээс Таван шарын нүхэн гарцыг өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулсан юм.
Төслийн явцын Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга У.Баатар “Геологийн төв лабораторийн уулзварын төмөр зам доогуур нүхэн гарцын барилга угсралтын ажлын хүрээнд D32 метр ган дам нурууг төмөр зам дагуу шилжүүлэн бетон тулгуургүйгээр ажлыг гүйцэтгэсэн. Инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд ДЦС-4, Москва хорооллын чиглэлд 4.2 км урт 2ф800мм-ийн голчтой дулааны гол шугам шилжүүлэх, Ф150мм-ийн уурын шугам сүлжээ шилжүүлэх ажлуудыг тус тус хийсэн.
“Хермес” төвийн төмөр замын зоорины үндсэн нүхэн гарцын барилга угсралтын ажил дууссан. 2025 оны хавраас төмөр зам доогуур байрлуулах ажлыг үргэлжлүүлнэ.
Нарны зам болон Их хүрээний гудамжны нүхэн гарцыг барьснаар хөдөлгөөний ачаалал 7.3 хувиар буурах судалгаа байна. 2025 оны хавраас мөн барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх юм” гэв.
Нийслэлд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслүүд хэрэгжиж байгаа нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй болгох зохицуулалт хийснээр түгжрэлийг тодорхой хувиар бууруулах зорилготой гэж тооцоолжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!