Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж аравдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор иргэдэд чирэгдэл учирч байгаа мэдээлэл өнгөрсөн долоо хоногуудад 11-11 төвд их иржээ. Үүнтэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ цаашид ямар арга хэмжээг хэрэгжүүлэх талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг өглөө.
Жортой болон жоргүй эмийн жагсаалтад ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд жортой, жоргүй эмийн мэдээллийг emiinjor.mn сайтаар авах боломжтой аж. Жоргүй авах эмээ авч чадахгүй байгаа тохиолдолд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 119 дугаарт холбогдож авах боломжтой юм байна.
Түүнчлэн ижил найрлага, бүтэцтэй эмүүд үйлдвэрлэгчээсээ шалтгаалж жортой болон жоргүй олгодог асуудал байсан. Иймд тухайн 172 төрлийн эмийг Хүний эмийн зөвлөлөөр хэлэлцүүлж бүгдийг нь жоргүй олгох тогтолцоог бий болгосон байна.
Мөн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгодог эмүүдийг цахимаар гэрээтэй 1,400 эмийн сангаар олгож байсан бол үлдсэн 1,100 эмийн санд цахим жорыг нэвтрүүлж бүх эмийг эмч цахим жороор бичдэг болох тогтолцоог наймдугаар сараас хэрэгжүүлж эхний шатны үр дүнгүүд гарч эхэлж байгаа гэдгийг тэрбээр онцлов.
Цаашид эмнэлэгт очиж үзүүлээд эмчээсээ жороо цахимаар бичүүлж аваад эмийн сан дээр очиж кодоо хэлж эмээ цахимаар авах боломжууд бүрдсэн гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!