Уншиж байна ...

Польшийн ерөнхийлөгч Беларусийн Лукашенкогоос болоод COP29 чуулга уулзалтын бүлэг гэрэл зурагт орохоос татгалзжээ

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 10 цаг 32 минут
iKon.MN
Зураг зураг

Азербайжаны нийслэл Баку хотод үргэлжилж буй COP29 уур амьсгалын дээд чуулга уулзалтад оролцсон дэлхийн удирдагчид уламжлал ёсоор хамтдаа гэрэл зургаа татуулжээ.

Харин Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда уг гэрэл зурагт орохоос татгалзсан нь Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой нэг зурагт хамт гарахгүй гэсэн шийдвэртэй нь холбоотой байв.

Европын сүүлчийн дарангуйлагч хочтой Лукашенко сөрөг хүчнээ нухчин дарж, Оросын түрэмгий бодлогыг дэмждэг хэмээн Өрнөдийн удирдагчдад шүүмжлүүлдэг.

зураг
 
Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда

“Энэ бол дээд хэмжээний чуулганд оролцож буй улс орнуудын удирдагчид мөр зэрэгцэн зогсож, хамтдаа гэрэл зургаа татуулдаг бэлгэдлийн арга хэмжээ юм. Беларусийн Александр Лукашенко тэнд байсан тул манай ерөнхийлөгч уг арга хэмжээнд оролцохоос татгалзлаа. Энэ бол Украины хэрэг явдалд Беларусийн оролцоо болон бусад учир шалтгаантай холбоотой бэлгэдлийн эсэргүүцэл юм” гэж Дудагийн ойрын хүрээний хүн Полсат агентлагт ярьжээ.

Дубай хотод болсон өмнөх чуулганы үеэр Польшоос гадна Литва, Латви улсууд мөн Лукашенког эсэргүүцэж, ийм эсэргүүцэл үзүүлж байсан юм.

Даваа гарагт Бакуд эхэлсэн COP29 нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хэлэлцдэг томоохон арга хэмжээ болохоос гадна дэлхийн улс орнуудын геополитикийн хуваагдал, талцлыг харуулсан үйл явдал болж байна.

Энэ арга хэмжээнд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлер Олаф Шольц зэрэг Өрнөдийн гол удирдагчид оролцоогүй бол Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар бас оролцоогүй юм.

 

Эх сурвалж: Polsat