Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж УИХ-д өргөн барихаар болсон байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө. Тэрбээр "Төрийн болон өмчит компаниудад зайлшгүй реформ хийх шаардлагатай болж хувирсан байна. Учир нь өндөр зарлагатай, захирлууд нь зарлагаас урамшуулал авдаг. Улсын төсвөөс гадуур хяналтгүй төсөвтэй байна.
Бид санхүүгийн сахилга бат хариуцлага, илт тод нээлттэй засаглал, эдийн засаг дахь төрийн оролцоо гэсэн гурван зарчимд төвлөрнө. Өнөөдрийг хүртэл санхүүгийн сахилга бат, хариуцлагын хувьд улс төрийн хамаарал, хяналтгүй төсөв, нээлттэй бус, засаглалын тодорхойгүй байсаар байгаа юм.
Олон улсын валютын сангийн шалгуур үзүүлэлтээр өр төлбөр хөрөнгийн харьцаа болон нийт хөрөнгийн өгөөжийн эрсдэлээр төрийн өмчит компанийг үнэлсэн. Ингэхэд нийт 99 компаниас 40 хувь нь өр төлбөр хөрөнгийн харьцаагаар эрдэлтэй байна гэж үнэлэгдсэн. Мөн хөрөнгийн өгөөжийн эрсдэлээр 99 компаниас 20 хувь өндөр эрсдэлтэй байна.
Төрийн өмчит компаниуд улсын төсөвт 5.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлдэг. Харин зарлага нь маш өндөр. Төрийн өмчит компаниуд төсвөөс 70 тэрбум төгрөгийн татаас авдаг. Ердөө таван компани улсын төсөвт орлого бүрдүүлж, ашигтай ажиллаж байна.
Нэг жилийн хугацаанд алдагдалтай ажилласан есөн төрийн өмчит компани 971.9 сая төгрөгийн үр дүнгийн урамшууллыг удирдлагууддаа олгосон. Цар тахлын үед Эрдэнэт үйлдвэр айлуудын дулаан, цахилгааны төлбөрийг төлж байсан. Иймэрхүү байдлаар тооцоолоогүй зардлыг гаргадаг нь компанийн засаглалд сөргөөр нөлөөлдөг.
Тиймээс хуулийн хүрээнд дотоод хяналтын тогтолцоог бэхжүүлж, төлөөлөн удирдах зөвлөлийг нээлттэй сонгон шалгаруулж, компанийн ашигт үйл ажиллагаатай холбоно.
Төрийн өмчит компанийн эргэлтийн ба эргэлтийн бус хөрөнгө 64.2 их наяд төгрөг болсон. Гэтэл тус компаниуд нийлээд 22.8 их наяд төгрөгийн өр төлбөртэй боловч 57 мянган хүн ажиллаж байна. Тиймээс энэхүү эрх зүйн реформыг хийхдээ төрийн өмчит компанийг компанийн тухай хуулиар зохицуулж, олон нийттэй нээлттэй болгоно.
Ашиггүй ажиллаж байгаа тохиолдолд татан буулгах арга хэмжээг авна. Цаашилбал төр ямар бизнест оролцох эсэхээс шалтгаалж, зарим чиг үүргээ аутсорсинг хэлбэрээр хувийн хэвшилд шилжүүлнэ. Жишээлбэл төрийн өмчит компани хууль зүй, маркетингийн хэлтэстэй байх албагүй.
Бид хуулийн төслийг хэлэлцэж байх явцад бүтцийн өөрчлөлтийг хийж, хөндлөнгийн аудитыг оруулж, Аудитын газраас гаргасан тайлангуудыг баталгаажуулж өгнө. Ингэснээр хэдэн компани татан буугдаж, нэгтгэгдэх вэ гэдгийг шийдвэрлэнэ" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!