Дэлхийн хамгийн өндөр орлоготой урлагийн одуудын нэг Тэйлор Свифт өнгөрсөн Ням гарагт найз залуугийнхаа тэмцээнийг үзэж, хөгжөөн дэмжихдээ $100,000 давсан үнэтэй хувцас, гоёлоор гангарчээ.
34 настай поп гүнжийн найз залуу, мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин Травис Кэлсигийн тэмцээн энэ өдөр Миссури мужийн Канзас хотын “Arrowhead Stadium” хүрээлэнд болсон юм.
Свифт ингэхдээ Versace брэндийн $3,350-ын үнэтэй хүрэм, $1,695-ын үнэ бүхий банзал, Victoria’s Secret брэндийн корсет зэргийг өмссөн байв.
Бас $1,990-ын савхин гутал жийж, $2,190-ын цүнх гартаа барьсан нь хоёул Versace брэндийнх байжээ.
Свифт $800-ын David Yurman брэндийн зүрх хэлбэртэй хос ээмэг, бас энэ брэндийн $2,400-ын улаан бадмаараг чулуун бөгж, Retrouvai брэндийн $32,970-ын үнэтэй алмаасан бөгж, Effy Jewelry брэндийн $3,905-ын сарнай хэлбэртэй бөгж зүүсэн байв.
Түүний хүзүүндээ зүүсэн алтан зүүлт, бугуйдаа зүүсэн алтан цаг нь нийлээд $54,000-ын үнэтэй Louis Vuitton брэндийн бүтээгдэхүүнүүд ажээ.
Зарим нэг үл мэдэгдэх брэндийн гоёлыг нь оролцуулахгүйгээр үнэлэхэд Свифт энэ өдөр нийт $102,590-ын үнэ бүхий зүйлсээр гоёсон байсныг мэргэжилтнүүд дүгнэсэн байна.
Үүнийг дуучин бүсгүйн хувьд сүүлийн нэг жил орчим хугацаанд хамгийн өндөр үнээр гоёсон тохиолдол гэж зарим ажиглагчид үзжээ.
Гэхдээ Свифтийн энэ гангарааны үнэ өртөг түүний найз жүжигчин Блэйк Лайвлигийн нэг удаагийн гоёлын талд ч хүрэхгүй юм байна.
Лайвли нэг удаа хөлбөмбөгийн аварга шалгаруулах сүүлчийн шатны Супер Боул тэмцээнийг үзэхдээ хагас сая долларын хувцас, чимэглэлээр гоёж байжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!