Уншиж байна ...
Зураг
Зураг

Хятадын төрийн тэргүүн Италийн ерөнхийлөгчид сарны тоос бэлэглэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Италийн ерөнхийлөгч Сержио Маттареллагийн Хятад улсад хийж буй зургаан өдрийн айлчлал ирэх Мягмар гарагт өндөрлөх юм.

Айлчлалын үеэр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин өөрийн улсын сансрын хөлгийн дэлхийд авчирсан сарны хөрсний дээжийн хэсгийг хүндэт зочиндоо бэлэглэсэн тухай CCTV суваг өчигдөр мэдээлжээ.

Хятадын Chang’e-6 хөлөг хамгийн сүүлд энэ дээжийг сарны дэлхий рүү хардаггүй алслагдсан талаас авчирч байсан юм.

Уг дээжийн хэсгээс өмнө нь Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарт бэлэглэж байжээ.

Судалгааны зориулалтаар ашиглах 1 граммын дээжээс гадна бэлэг дурсгалын чимэглэл дотор хадгалсан 0.3 грамм дээжийг Италийн ерөнхийлөгчид бэлэглэснийг CCTV мэдээлсэн юм.

Ши, Маттарелла нар бас хууль бус замаар Италид очсон Хятадын түүхэн дурсгалт эд зүйлсийг буцаан авах ажлын үр дүнтэй танилцсан байна.

Энэ айлчлалын үеэр Италийн тал 56 эд зүйлсийг буцааж өгсөн тухай Хятадын Үндэсний Соёлын Өвийн Захиргаа өчигдөр мэдээлжээ.

Үүнд шинэ чулуун зэвсгийн үеийн ваар савнаас эхлээд Хань, Тан гүрнүүд болон Монголын үеийн түүхэн дурсгалууд багтсан байна.

Итали улс нь Хятадын Бүс Ба Зам санаачилгад нэгдсэн Их Долоогийн бүлгийн цорын ганц гишүүн байсан юм.

Гэвч өнгөрсөн онд тус улс уг гэрээнээс гарч байжээ.

Италийн ерөнхийлөгч нь бэлгэдлийн албан тушаал бөгөөд Бүс ба Зам санаачилгаас гарах шийдвэрийг ерөнхий сайд Жоржиа Мелони гаргаж байв.

Маттареллатай уулзахдаа Ши Жиньпин хоёр улсын соёлын солилцоо, хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн ач холбогдлыг онцолжээ.

Ингэхдээ тэр дундад зууны аялагч Марко Полог дурдсан байна.

“13 дугаар зуунд Италийн аугаа аялагч Хятадыг ямар ч өрөөсгөлгүйгээр дүрсэлсэн нь өрнө дахинд Хятадын талаар сонирхон судлах үүд хаалгыг нээсэн юм. Хятад, Итали хоёр эртний соёл иргэншлийнхээ хувьд нээлттэй, хүртээмжтэй байх уламжлалаа үргэлжлүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийг яриа хэлэлцээгээр санал зөрөлдөөнөө зохицуулдаг, хамтын ажиллагаагаар зөрчилдөөнийг даван туулдаг болоход нь тусалж, эв найрамдалтай ертөнцийг хамтдаа байгуулах ёстой” гэж Ши Жиньпин энэ үеэр хэлжээ.

Хариуд нь Маттарелла “Соёлын хамтын ажиллагааны механизмаар дамжуулан бид улс орнуудын найрамдлыг бэхжүүлж, эв найрамдалтай зэрэгцэн орших бат бэх суурийг тавьж, дэлхийн өмнө тулгарч буй сорилтыг шийдвэрлэх хамтын хүчин чармайлтад эрч нэмэх ёстой” гэж хэлсэн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post