Уншиж байна ...
Зураг
Зураг

АНУ-ын нэг хотын судалгааны лабораториос 43 сармагчин оргосон байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт АНУ-ын нэгэн жижиг хотын судалгаа туршилтын лабораториос 43 сармагчин оргожээ.

Өмнөд Каролина мужийн Йемасси хотод оршдог уг лабораторийг Alpha Genesis компани био анагаах ухааны туршилтад ашигладаг юм байна.

Оргосон сармагчнууд нь ресус макака төрлийнх байжээ.

“Хотын оршин суугчдад хаалга, цонхоо сайн битүүлж, сэжигтэй зүйл ажиглагдвал 911 дугаарт мэдэгдэхийг зөвлөж байна. Ямар ч тохиолдолд эдгээр амьтдад ойртохгүй байхыг анхааруулж байна” гэж Йемасси хотын цагдаагийн газар мэдэгджээ.

Тэдний мэдээлснээр оргодол бүх сармагчин 3 кг хүртэл жинтэй залуу эмэгчнүүд бөгөөд ямар нэг туршилтад ороогүй байсан гэнэ.

Alpha Genesis компанийн гүйцэтгэх захирал Грег Вестергаард сармагчнууд өөрсдийн хүслээр буцаж ирснээр үйл явдал “аз жаргалтай төгсөнө” гэдэгт найдаж байгаагаа хэвлэлд ярьсан байна. Түүний ярьснаар лабораторийн манаач сармагчны торны хаалгыг дутуу хааснаас ийм байдалд хүрсэн гэнэ.

Одоогоор лабораторийн ажилтнууд сармагчнуудыг дуртай хоол хүнсээр нь урхидах арга хэрэглэхээр ажиллаж байгааг цагдаагийн газар мэдээлжээ.

Alpha Genesis компанийн энэ лаборатори сармагчнаар дагнаж туршилт явуулдаг газар юм байна.

2018 онд Alpha Genesis компани бас хэсэг сармагчныг алдсан, тэдний арчилгаа тэжээлийг дутуудуулсан шалтгаанаар холбооны засаг захиргаанаас $12,600-ын торгууль хүлээж байжээ.

2014 онд Йемассигийн лабораториос 26 сармагчин, 2016 онд 19 сармагчин алдагдаж байсан юм байна.

“Stop Animal Exploitation Now” (Амьтны мөлжлөгийг даруй зогсоо) нэртэй хөдөлгөөнийхөн Alpha Genesis компанийн үйл ажиллагааг шалгахыг шаардсан утгатай албан бичгийг АНУ-ын хөдөө аж ахуйн яаманд илгээжээ.

Тус хөдөлгөөн 2018 онд Alpha Genesis компанийг торгуулахад гол үүрэг гүйцэтгэж байсан юм.

“40 гаруй сармагчныг оргоход хүргэсэн илт хайхрамжгүй байдал нь эдгээр амьтдын амь насанд аюул учруулаад зогсохгүй Өмнөд Каролинагийн иргэдийг эрсдэлд оруулж байна” гэж тус хөдөлгөөний албан бичигт өгүүлжээ.

 

Эх сурвалж: AFP