Уншиж байна ...
Зураг
Зураг

М.Билэгт: Эмнэлгийн барилга маань Хөгжлийн Банкны мэдэлд очсон. Хэдийд борлуулах эсвэл гацаах уу гэдгээ тэд шийднэ

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн асан М.Билэгт Дөрөвдүгээр эмнэлгийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр эмнэлэг барихаар Хөгжлийн Банкнаас 2017 онд 15 сая ам.долларын зээл авснаа бүрэн төлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэрийн дагуу Хөгжлийн Банк эмнэлгийн барилгыг хэрхэн бүрэн эрхтэй болсон талаар ярилаа. 

УИХ-ын гишүүн асан М.Билэгт "10-аад жилийн өмнө монголчуудын элэг бүтэн амьдралын төлөө 300 ортой эмнэлгийн цогцолбор байгуулах төслийг санаачлан хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд эхний 120 ортой эмнэлгийн барилгыг 2019 онд ашиглалтад оруулсан. Японы стандартыг хангасан, орчин үеийн, тохилог эмнэлгийн барилгыг барьж байгуулъя, эрүүл мэндийн салбарынхан энд үйл ажиллагаагаа явуулаг, хамтарч ажиллая гэж зорьсон. 

Гэвч эрүүл мэндийн салбарт хөгжингүй орны стандартыг нэвтрүүлэх, менежментийнх нь дагуу эмнэлгийн үйл ажиллагаа явуулах нь жирийн бидэнд бол амаргүй зүйл гэдгийг энэ хугацаанд биеэрээ тууллаа. Хөгжингүй орны эмнэлгийн менежментийг оруулж ирэхэд саад тотгор тавих нь их юм байна. Бүхэл бүтэн бүлэглэл байдаг юм байна.

2017 онд эхний барилгаа 60-70 хувийн гүйцэтгэлтэй байхад нь Хөгжлийн Банкнаас 15 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 36 тэрбум төгрөгийн зээл авсан. Таван жилийн хугацаанд ханшийн алдагдал, зээлийн хүү зэргээс шалтгаалж 75 тэрбум төгрөг болгон төлж байна. 35 тэрбум төгрөгийг нь төлсөн. 

Гэтэл КОВИД-19, эдийн засаг хямрал гээд юм бүхэн зэрэгцсэнээр хөрөнгө оруулалтын санхүүжилт зогссон. 2022 онд Хөгжлийн Банкны зээлдэгчид гэх дуулиан гарч, Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т өгчихсөн. Үүний улмаас бүх данс, гүйлгээг хаагаад АТГ шалгаж эхэлсэн юм. Ингэснээр хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж хаагдаж байгаа юм. Одоо ч ийм байдал хэвээрээ.

Хөрөнгө оруулагч нартайгаа уулзаад бүх данс хаалттай, Хөгжлийн Банкны зээлдэгч гээд АТГ дээр шалгагдаж байгаа гэхээр хамтарч ажиллахаар ярилцаж байсан, хэлэлцээ хийж эхэлсэн байсан хүмүүс чимээгүй болоод цааш явчихдаг. 

Би уг нь ард түмэндээ их хэрэгтэй зүйл хийж үлдээе, би үүнийг ямар үүрээд явах биш. Эрүүл мэндийн салбарт өөрийнхөө хэмжээнд хувь нэмрээ оруулах юм хийгээд үлдээе л гэж бодсон. Энэ маань сүүлийн хэдэн жил гацлаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт оччихсон юм уу гэж асууцгааж байгаа. Тийм ээ. Хэрвээ мөнгө байсан бол шийдвэр гүйцэтгэлд очихыг хүсэхгүй шүү дээ. Тэр чинь амар зүйл биш. Ёстой аймшигтай, би айдаг. Гэтэл 75 тэрбум төгрөг болгож төлөх ёстойгоосоо 35 тэрбум төгрөгийг нь төлөөд, үлдсэнд нь бэлэн мөнгө олдохгүй байгаа болохоор Хөгжлийн Банк барьцаа хөрөнгөө шүүхийн шийдвэрээр гаргуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт манайх дөрөвдүгээр сард очсон. Одоо бол энэ эмнэлгийн барилга Хөгжлийн Банкны мэдэлд очсон гэсэн үг. Хөгжлийн Банк төлбөр авагч тал учраас хэдийд борлуулах уу, эсвэл гацаах уу гэдгээ шийдэх бүрэн эрхтэй. 

Нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Иргэд аж ахуйн нэгжүүдийн барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлэхийн тулд шийдвэр гүйцэтгэл дээр очиж гацаах үйлдэл байдгийг ажиглалаа. 

Би бол эмнэлгийн барилгаараа бахархдаг. 2018 онд Засгийн газраас ажлын хэсэг гаргаад, тус ажлын хэсэг нь барилга дуусах шатанд гурван удаа ажиллаад эмнэлгийн стандартыг хангасан, маш сайн барилга гэж дүгнэсэн байдаг. Үүнийг нь үндэслээд 2019 оны УИХ дээр төсөв батлагдах үед төр, хувийн хэвшлээр хамтарч ажиллая гээд улсын төсөвт мөнгө суулгаж байсан. Гэтэл 2020 оны төсөв суулгасан байж 2020 он гарахад хэсэг бүлэг хүн мурьсан" гэв.

"Дуудлага худалдаа явуулах гэж байснаа гэнэт түдгэлзүүлсэн"

Мөн тэрбээр "Сардаа 15,000 иргэнд амбулаториор үйлчлэх хүчин чадалтай. Хувийн хэвшлийн эмнэлэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэвч төлөвлөсөн хөрөнгө оруулалт нь замдаа гацаад, доголдсон. Одоо энэ барилга Хөгжлийн Банкны мэдэлд оччихсон.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн хүргэхэд энэ эмнэлгийг ашиглах боломж нь Хөгжлийн Банканд бий. Гэтэл сая аравдугаар сард дуудлага худалдаа явуулах гэж байснаа хугацаанаасаа хоёрхон хоногийн өмнө гэнэт түдгэлзүүлсэн. Түүнийг нь удирдлагууд нь мэдээгүй байсан" гэлээ.