Уншиж байна ...

Б.Жаргалан: Нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг дээр л УИХ-ын гишүүд төсөв хэт данхайж байгааг ярьсан шүү дээ. Ажлын хэсэг яагаад ажилладаггүй юм бэ?

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 11 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.   

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан УИХ-ын гишүүн,Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс дараах асуултыг асуув. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Төсөв хэлэлцэх үйл явц дэгийн хүрээнд маш хангалтгүй явагдсан. Гуравдугаар хэлэлцүүлэг явж байхад олонхын бүлгээс таван хүн сууж байна. Засгийн газраас нэг ч хүн алга. Ерөнхий сайд төсвийн бүхий л хэлэлцүүлгийн явцад энэ танхимд суугаагүй. Шинэ гишүүд төсвийн номыг бараг цоортол үзээд бөөс, хуурсыг нь түүгээд хурлын танхим, байнгын хороонд ч ярьсан. Гэтэл засаг маш хариуцлагагүй хандсан. 

Төсвийн хэлэлцүүлгийн бүх явцад Б.Жавхлан сайд өөрийгөө өмөөрч, гишүүдийг загнаж, тодорхой асуултад хариулахгүй хэлэлцүүлгийг үрэн таран хийсэн. Гэтэл одоо яачхав гээд сууж байгаа нь харамсалтай байна. 

Ц.Даваасүрэн дарга та тойрогтоо тавиулсан бяслагийн үйлдвэрийнхээ төлөө төсвийнхөө ажлын хэсгийн ажилд ийм хариуцлагагүй хандаж болохгүй шүү дээ. 

Нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг дээр л УИХ-ын дийлэнх гишүүд төсөв хэт данхайж байна хувийн хэвшилд орон зай үлдэхгүй байна. Урсгал зардал хэт их байна гээд ярьсан шүү дээ. Ажлын хэсэг яагаад ажилладаггүй юм бэ? Ажлын хэсэг дээр ямар асуудлууд дээр санал хураалт явагдсан юм бэ?

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: 306 тэрбум орчим төгрөгийн асуудлыг ажлын хэсэг рүү оруулж ирсэн. Цаанаа яг ямар ажил, үүрэгтэйг мэдэхгүй байж шууд хасах боломжгүй болчхоод байсан. Эцэстээ 32 тэрбум дээр цаанаа ямар ч үр дагавар алга, хасаж болох юм байна гэсэн саналыг оруулж ирсэн. Түүн дотор ваучерын 18 тэрбум ихэнхийг эзэлж байсан. 

Мөн тоног төхөөрөмжийн зардал нэлээд өссөн байсан. Бүгдийг нь 30 хувиар таная гэтэл шинэ сургууль цэцэрлэг, эмнэлэг гээд дэмжигдээгүй. Ямар төсвийн захирагч нь орон тоогоо нэмж зардлаа өсгөчхөөд байгаа юм гэдгийг харахгүйгээр харанхуйгаар аваад хаячхаж болохгүй. 

Өмнө нь Ламбаа гишүүнийг сайд хийж байх үед 10 хувиар бүх салбарын төсвийг хасаад ариутгалын бодисоо авч чадахгүй болж хүйн халдвараас 12 хүүхдийг эндүүлсэн. Иймд нүдэн сохор таналт хийж болохгүй. Ажлын хэсгүүд гараад хугацаа өгөөд ажиллах хэрэгтэй. 

Аав чинь чамайг бодоход ухаантай байсан. Ааваасаа очиж асуу. Амьдрал гэж юм байдаг юм. Ордны цонхоор харж байгаад хийж болохгүй. Зөв явж байгаа байгууллагыг шууд танаад хаячхаж болохгүй.