Уншиж байна ...

Казахстан улс анхных нь цөмийн цахилгаан станцыг байгуулах олон улсын консорциумын нэрийг ирэх онд зарлана

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Казахстан улс саяхан анхны цөмийн цахилгаан станцтай болох эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулсан билээ.

Уг санааг иргэдийн 71.12 хувь нь дэмжсэн үр дүн гарсан юм.

Тэгвэл тус улсын гадаад хэргийн дэд сайд Алибек Куантыров өнгөрсөн Пүрэв гарагт Астана хотод сэтгүүлчидтэй уулзахдаа цөмийн цахилгаан станц байгуулах ажлыг ямар зарчмаар хэрэгжүүлэх талаар товч мэдээлэл өгчээ.

“Бид цөмийн цахилгаан станцтай болох талаар эртнээс судалж байсан. Саяын санал хураалт үүнийг эцэслэн бататгаж өглөө. Ураны баялаг нөөцтэй Казахстан улс цөмийн цахилгаан станцтай болох ёстой гэсэн шийдвэрийг ард түмэн гаргалаа” гэж тэр мэдэгдсэн байна.

Казахстаны анхны цөмийн цахилгаан станцын өртөг $10-$12 тэрбум болно гэсэн тооцоо бий.

“Бидний нэн тэргүүнд тавьж байгаа зорилт бол уг төслийг олон улс, олон үйлдвэрлэгч оролцсон консорциумаар гүйцэтгүүлэх юм. Бид Япон, Өмнөд Солонгос, Орос, Канад, АНУ, Франц зэрэг улсуудыг оролцуулах хэд хэдэн хувилбарыг судалж байна. Ирэх онд бид шалгарагчийг зарлах болно” гэж Куантыров ярьжээ.

Казахстаны засгийн газар 2060 онд хүлэмжийн хийн ялгарлаа саармагжуулах зорилтын хүрээнд Улкен бүс нутагт хоёр цөмийн цахилгаан станцтай болохоор төлөвлөөд байгаа.

Одоогоор тус улсын нийт эрчим хүчний 80 орчим хувийг малтмал түлшний станцууд үйлдвэрлэдэг.

Түүнчлэн дулааны цахилгаан станцуудынх нь талаас илүү хувь 30-аас дээш жилийн насжилттай болсон тул шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа.

Казахстаны засгийн газрын зарим эх сурвалж Куантыровын ярьсан консорциумд Өмнөд Солонгос, Франц, Хятад, Орос дөрвөн улсыг оролцуулах санаа түлхүү яригдаж байгааг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Korea Times