Өчигдөр буюу Даваа гарагийн байдлаар Япон улсын хамгийн өндөр уул Фүжи ямар ч цасгүй байсан байна.
Албан ёсны бүртгэл хөтөлсөн сүүлийн 130 жилийн хугацаанд цас оролгүй ингэж оройтсон тохиолдол байхгүйг тус улсын цаг уурын байгууллага мэдээлжээ.
Фүжи уулын орой дунджаар жил бүрийн аравдугаар сарын 2-нд ямар нэг хэмжээгээр цасанд хучигддаг байсан байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд энэ уул цасан нөмрөгтэй болсон байжээ.
Энэ зуны их халуун Фүжи ууланд цас орох хугацааг хойшлуулсан гэж мэргэжилтнүүд үзэж байна.
1894 онд бүртгэл эхэлснээс хойш 1955 онд, дараа нь 2016 онд аравдугаар сарын 26-ны өдөр анхны цас Фүжид унасан нь өмнөх хамгийн оройтсон хоёр тохиолдол байжээ.
“Өнгөрсөн зун агаар их халсан нь есдүгээр сарыг хүртэл үргэлжилсэн. Үүний улмаас хүйтэн агаар дутагдаж, цас орохгүй байна” гэж Фүжи уулын бүс хамаардаг орон нутгийн цаг уурын байгууллагын мэргэжилтэн Ютака Кацүка тайлбарласан байна.
Фүжи уул жилийн ихэнх хугацаанд цастай байдаг бөгөөд долоогоос есдүгээр сарыг хүртэлх цасгүй хугацааг явган аяллын улирал болгодог.
Энэ үеэр 220,000 орчим аялагч Фүжи ууланд авирдаг байна.
Тэдний ихэнх нь 3,776 метр өндөр уулан дээрээс өглөө нар мандахыг харах гэж шөнийн цагаар авирдаг.
Японы эрх баригчид Фүжи ууланд авирагчдын тооны хэт өсөлтийг зогсоох зорилгоор төлбөр хураамж тогтоож, өдрийн авирагчдын тоонд хязгаар тавих болжээ.
Фүжи уулыг тоо томшгүй олон урлагийн бүтээлд дүрсэлсэн байдаг. Тухайлбал зураач Хокусайн алдарт “Их давлагаа” бүтээл үүний нэг жишээ юм.
Фүжи нь галт уул бөгөөд хамгийн сүүлд 300 орчим жилийн өмнө дэлбэрч байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!