Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний наслах хэмжээ туйлдаа хүрсэн гэж судлаачид үзэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хүний наслах дээд хэмжээ туйлдаа хүрсэн гэж хэсэг судлаачид дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн технологи, амьдралын чанар хэчнээн сайжирсан ч 100-аас дээш наслах хүний хувь хэмжээ одоогийнхоос ахихгүй гэж үзэж байна.

Энэхүү судалгааны тайлан өчигдөр буюу Даваа гарагт “Nature Aging” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

“Бид хүний амьдрах хугацаанд дээд хязгаар байдгийг хүлээн зөвшөөрч, хүмүүс хэзээ тэтгэвэртээ гарах, үлдсэн амьдралд нь хэр их мөнгө хэрэг болох зэрэг таамгийг дахин үнэлэх ёстой” гэж Иллиноис-Чикагогийн Их сургуулийн судлаач Жэй Олшански тайлбарлаж байна.

Ямар нэг шинжлэх ухааны нээлт хүний амьдрах хугацааг шинэ түвшинд хүргэж болох ч одоогоор тийм зүйл байхгүй байгааг судалгаанд оролцсон Техасын Их сургуулийн эрдэмтэн Марк Хэйвард хэлжээ.

Олшанскийн баг Макс Планкийн нэрэмжит Хүн Ам Зүйн Судалгааны Хүрээлэнгийн мэдээллийн сангаас авсан өгөгдөл дээр үндэслэн 1990-2019 онд төрсөн хүмүүсийн дундаж наслалтын таамгийг батлагдсан аргаар тооцоолон гаргасан байна.

Ингэхдээ хүн ам нь хамгийн урт насалдаг Австрали, Франц, Хонконг, Итали, Япон, Өмнөд Солонгос, Испани, Швейцар улсуудад анхаарлаа хандуулжээ.

Хэдийгээр АНУ энэ үзүүлэлтээр топ 40 улсад багтдаггүй ч судлаачид өөрсдийн амьдардаг газар гэдэг утгаар нь оруулсан байна.

Ингэхэд жилээс жилд төрсөн хүүхдүүдийн хэдэн нас хүртлээ амьдрах таамаг төдийлөн сайжрахгүй байсаар 2019 онд төрсөн хүүхдүүдийн багахан хэсэг нь 100 хүртэл наслах тооцоо гарчээ. Тухайлбал энэ онд төрсөн эмэгтэй хүүхдүүдийн 5.1 хувь, эрэгтэй хүүхдүүдийн 1.8 хувь 100 наслах боломжтой гэж гарсан байна.

Олшански өөрөө 30 гаруй жилийн өмнө хүн төрөлхтөн насны дээд хязгаартаа хүрсэн байж болзошгүй гэх таамаг дэвшүүлээд ширүүн шүүмжлүүлж байжээ.

“Би таамгаа батлахын тулд 30 жил хүлээлээ. Бидний таамаглаж байсанчлан хүний дундаж наслалт хурдтай нэмэгддэг эрин үе өндөрлөжээ” гэж тэр хэлж байна.

 

Эх сурвалж: CNN