Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Украинд анх удаагаа айлчилсан Сербийн ерөнхийлөгч газар нутгийн бүрэн бүтэн байдлыг нь дэмжихээ амлажээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Москвагийн эрх баригчидтай нягт харилцаатай Европын цөөхөн улсын нэг Сербийн ерөнхийлөгч Александр Вучич өчигдөр анх удаагаа Украин улсад айлчилжээ.

Оросын байгалийн хийн нийлүүлэлтээс эдийн засаг нь ихээхэн хамааралтай Серби улс Украины дайн эхэлснээс хойш төвийг сахих бодлого баримталж байгаа.

Гэвч саяхан Оросын аюулаас хамгаалах алба Серби улсын компаниуд Украинд нууцаар сум хэрэгсэл нийлүүлж байгааг илрүүлснээ зарлаж, үүнийг “Оросын ар нуруунд хутга шаасан хэрэг” хэмээн буруутгаж байлаа.

Хар тэнгисийн боомт Одесса хотод Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн зохион байгуулсан Зүүн Өмнөд Европын орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад Вучич оролцжээ.

“Би улс орныхоо нэрийн өмнөөс хэлж чадах зүйл бол Серби улс олон улсын эрх зүй, тухайлбал НҮБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах хамгийн чухал зарчим болох НҮБ-ын дүрмийг тууштай сахих болно” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.

Оросын цэрэг өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд Украины газар нутгийн 20 орчим хувьд хяналтаа тогтоогоод байгаа.

Ердөө нэг сар орчмын өмнө Москвагийн Улаан талбайд болсон дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярын арга хэмжээнд Вучич оролцож байв.

Одоогоор Серби, Украины талуудын аль аль нь зэр зэвсэг, сум хэрэгслийн нийлүүлэлтийн талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байгаа.

Александр Вучич нь Москватай харилцаагаа хадгалахын зэрэгцээ Европын Холбоонд улс орноо нэгтгэх хүсэлтэй байдаг.

Нөгөө талаар Серби, Орос хоёр улс НАТО-д сүжиггүйгээрээ ижилсдэг юм.

1999 онд Косовогийн дайны үеэр НАТО-гийн хүч Сербийн цэргүүдийг агаараас бөмбөгдөж байсантай энэ нь холбоотой.

Серби улс Москвагийн эсрэг хориг арга хэмжээнд нэгдэхээс татгалздаг ч НҮБ-ын чуулганы үеэр Украиныг эзлэн түрэмгийлсэн Оросын үйлдлийг буруутгасан санал өгч байв.

 

Эх сурвалж: AFP