Ерөнхийлөгч Дональд Трамп хэдийгээр Лос-Анжелес хотод дэгдсэн үймээнийг дарахаар цэргийн хүч илгээсэн ч түүний цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал тэмцэл АНУ-ын бусад хотуудад өргөжжээ.
Өнгөрсөн Баасан гарагт хууль бус цагаачдын баривчилгааг эсэргүүцсэн жагсаал Лос-Анжелес хотод эхэлсэн нь сүүлдээ эмх замбараагүй байдалд хүргэсэн юм. Трамп эхлээд байгалийн гамшгийн үеэр ихэвчлэн дайчлагддаг Үндэсний Гвардын цэргийн нөөц хүчийг тус хотод оруулсан бол дараа нь хилийн чанадын байлдааны ажиллагаануудад оролцох үндсэн үүрэгтэй тэнгисийн хүчний явган цэргүүдийг оруулсан нь маргаан дэгдээгээд байгаа.
Холбооны засгийн газар Үндэсний Гвардын цэргүүдийг аль нэг мужид дэг журам тогтоохоор илгээх бол захирагчийн хүсэлт дээр үндэслэдэг. Хамгийн сүүлд мужийн захирагчийн санаачилгагүйгээр ийм арга хэмжээ авсан нь 1965 оны тохиолдол байсан юм.
Ардчилсан Намаас сонгогдсон Калифорни муж болон Лос-Анжелес хотын захирагч нар Трампын энэ үйлдлийг “нөхцөл байдлыг хурцатгасан” хэмээн шүүмжилж, цэргийн хүчээ татахыг Вашингтоноос шаардаж байна.
Цэргийн хүч орсны дараа Мягмар гарагаас Лхагва гарагт шилжих шөнө анх удаа Лос-Анжелест хөл хорио тогтоожээ.
Энэ шөнө хууль хүчнийхэн 25 хүнийг баривчилсан байна.
Өчигдөр Трамп сошиал хуудсандаа “Хэрвээ манай цэргүүд Лос-Анжелест ороогүй бол яг одоо энэ хот шатаж байх байлаа” хэмээн бичжээ.
Харин Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом өмнөх өдөр нь телевизээр ярихдаа “Бидний нүдний өмнө ардчилалд аюул занал тулгарч байна. Калифорни муж эхнийх байж болох ч үүгээр дуусахгүй нь тодорхой” гэсэн байна.
2028 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай байгаа Ньюсомыг хууль бус цагаачдын эсрэг ажиллагаанд саад учруулсных нь төлөө баривчлах тухай өөрийн захиргааны өндөр албан тушаалтны санааг Трамп дэмжиж байв.
Лос-Анжелесын ойр орчмын олон арван хотын захирагч нар Лхагва гарагт хамтарсан мэдэгдэл гаргаж, цагаачдын эсрэг хатуу ширүүн үйлдлээрээ оршин суугчдыг нь айлгахаа зогсоохыг Трампын засаг захиргаанаас шаарджээ.
“Би танаас шаардаж байна. Намайг сонс. Манай оршин суугчдыг айлгахаа зогсоо” хэмээн ийм ажиллагааны үеэр резинэн суманд оногдсон Эль Монте хотын захирагч Жессика Анкона энэ үеэр хэлсэн юм.
Баасан гарагаас хойш хууль хүчнийхэн Лос-Анжелест нийт 330 бичиг баримтгүй цагаачийг баривчлаад байгааг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.
Баривчлагдсан хүмүүсийн гуравны нэг буюу 113 нь гэмт хэрэгт холбогдсон түүхтэй байсныг тэр баталсан юм.
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөн АНУ-ын бусад том хотуудад халдварлаж эхлээд байна.
Мягмар гарагийн орой Нью-Йорк, Чикаго хотуудад олон мянган хүн оролцсон жагсаалууд болжээ.
Бүгд Найрамдах намаас сонгогдсон Техас мужийн захирагч Грэг Эббот өчигдөр Сан Антонио хотод гарсан жагсаалыг тараахын тулд Үндэсний Гвардын цэргүүдийг дайчлах болсноо зарласан байна.
Лхагва гарагийн орой Нью-Йорк, Сиэтл, Лас-Вегас хотуудад эсэргүүцлийн жагсаалууд төлөвлөгджээ. Улмаар ирэх Бямба гарагт АНУ даяар “No Kings” нэртэй жагсаал зохион байгуулагдахаар болсон байна.
Энэ өдөр Вашингтон хотод урьд өмнө болж байгаагүй томоохон цэргийн парад зохион байгуулагдаж, Трамп оролцох юм.
Үүнийг АНУ-ын арми үүсгэн байгуулагдсаны 250 жилийн ойд зориулсан гэж байгаа ч Трампын 79 насны төрсөн өдөртэй давхацсан нь анхаарал татаж байна.
АНУ-д өмнө нь хамгийн сүүлд 1991 онд цэргийн парад зохион байгуулагдсан нь Персийн булангийн дайн дууссаныг тохиолдуулсан хэрэг байв.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!