"Баавгай болохсон" киног Оскарын шалгаруулалтад оролцуулахаар болсон талаар Монголын Кино Урлагийн Зөвлөл/МКУЗ/-өөс мэдээллээ.
Монгол Улсаас анх удаа Каннын кино наадамд шалгарсан "Баавгай болохсон" киног МКУЗ-ийн гишүүдийн дийлэнх олонх татгалзсан гэх шалтгаанаар Оскарын шагнал гардуулах ёслолын анхан шатны шалгаруулалтад сонгохоос татгалзаад байсан билээ.
Тус шийдвэрт уг киног бүтээгчид болон олон нийт дургүйцлээ илэрхийлж тайлбар өгөхийг шаардаж өчигдрөөс эхэлж олон нийтээс цахимаар гарын үсэг цуглуулж эхлээд байсан юм. Гарын үсгийн тоо өнөөдрийн 16:40 цагийн байдлаар 8,626-д хүрчээ.
Есдүгээр сарын 25-ны өдөр "Баавгай болохсон" киноны бүтээгч "Амигдала Филмс"-ээс МКУЗ-д зөвлөлийг ахин хуралдуулж шийдвэрээ эргэн харах тухай албан хүсэлтийг явуулсан байна. Улмаар зөвлөлийн гишүүд өчигдөр ахин хуралдан нууц санал хураалт явуулж "Баавгай болохсон" киног Оскарын шалгаруулалтад явуулах шийдвэрийг өнөөдөр гаргасан байна.
Монгол Улс Оскарт кино явуулдаг болоод гурван жил болж байгаа бөгөөд тус гурван жилд мөн адил бусад орны жишгээр нууцаар санал хураалтыг явуулдаг байжээ. Зарим оронд зөвлөлийн гишүүдийн мэдээлэл ч нууцлалтай байдаг талаар МКУЗ-өөс мэдээлэв.
Хэдийгээр МКУЗ-ийн шийдвэр ил тод, нээлттэй байх ёстой хэдий ч Монгол Улс "Академи Авардс" руу жил бүр явуулдаг мэдүүлэгтээ бусад орны жишгээр нууцаар санал хураана гэсэн сонголтыг хийсэн байдаг гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
43 СЭТГЭГДЭЛТЭЙ
|