Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатуудыг сонгох сонгууль явуулж, анх удаа ардчилсан зарчмаар Ардын Их Хурлын 430 депутатыг сонгож, энэ хурлаас Улсын Бага Хурлыг байгуулсан байдаг.
Ингээд Шинэ Үндсэн хуулийг боловсруулж, ард түмнээсээ өргөн санал авч Улсын Бага Хурлаар дөрвөн удаа, Ардын Их Хурлаар 76 хоног хэлэлцэж, 1992 оны энэ өдөр Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байжээ.
Тэгвэл Шинэ Үндсэн хууль батлагдахад зохиолч, сэтгүүлчдээс цөөхөн тооны төлөөлөл оролцсон байдаг. Түүний нэг нь Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав билээ. Түүхэн энэ өдөр түүнтэй ярилцлаа.
-Өнөөдөр Ардчилсан Үндсэн хууль баталсан өдөр тохиож байна. 22 жилийн өмнө яг энэ өдөр 430 депутат 76 хоног ширүүн хуралдаж, Үндсэн хуулиа баталж байжээ?
-Үндсэн хууль батална гэдэг амаргүй ажил. Бид он цаг өнгөрөх тусам үүний ач холбогдлыг ойлгож байгаа юм. 22 жилийн өмнө 76 хоног хэрэлдэж, хэлэлцэж, маргалдаж байж одоогийн Үндсэн хуулийг баталж байлаа. Тухайн үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Та минь ээ эвлэрэхээрээ намайг дуудаарай” гэдэг үгийг хэлж хоёр талыг их ойртуулж өгсөн.
Үндсэн хууль батлах гэж 76 өдөр хуралдахад танхимд уур амьсгал их эвгүй байсан
Ингээд олон жил дагаж, мөрдөж явах их нуруутай хуулийг баталж байжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс ардчиллын шинэ замд орж, язгуур үндсэн хуулиа дагаж явах хуулийг баталж байсан юм. Үндсэн хууль батлах гэж 76 өдөр хуралдахад танхимд уур амьсгал их эвгүй байсан. Их ширүүн хурцадмал хурал болж, тухайн хурлын танхимд унаад дахиж босч ирээгүй хүн ч байсан.
Ингэж ширүүн хуралдсаны үр дүнд Үндсэн хуулиа баталж байсан бол өнөөдөр энэ хуулиа сахин хамгаалах, сурталчилах нь бүхнээс чухал болжээ. Миний хувьд яруу найрагч хүн учраас үгээр хэлэхээс бус шүлгээр Үндсэн хуулийн үзэл санааг яруу найргаар дамжуулж илэрхийлсэн юм.
Энэ ч үүднээс “Үндсэн хууль” гэдэг шүлэг бичиж байлаа. Үүнээс цөөн мөрийг хэлмээр байна.
...“Үндсэн хууль мандсан төрийн гэгээн шашдир
Үндсэн хууль манай үеийн гэрлийн цацрал
Үндсэн хууль 430 зүрхний эрүүл цохилт
Үндсэн хууль 430 мөчрийн эмзэг цэцэгс
Төрт ёс, түүх соёлоо уламжилсан цааз
Төгөлдөр хөгжил, тусгаар тогтнолоо өргөмжилсөн цайз
Түмний санаа олны бодлыг өндөрлөсөн байц
Түүхт хил, өвгөдийн гэрээслэлийг өмгөөлсөн дайз
Ардчилсан шинэ төрийг түмэнд зарласан шившлэг
Азийн Монгол орныг түүхэнд өөрчилсөн сэрүүлэг
Овгоо мартсан бидэнд Чингисийг авчирсан өнөөдөр
Өвгөө мартсан олонд удмыг нь таниулсан өдөрлөг
Үндсэн хууль зүрхнээс гарсан судсаар зүрхэнд ирдэг хайр
Үндсэн хууль зүүднээс сэрсэн хойноо ч бодогдоод байдаг зүс
Үндсэн хууль зүс нь сэтгэлд туяараад зүгээр байлгадаггүй бүсгүй
Үндсэн хууль зөрөлдсөн хоёр загас нь нүд цавчдаггүй соёмбо...”
-Ер нь Үндсэн хууль үүргээ хэр сайн биелүүлж байгаа бол. Гишүүд маань эцэг хуульдаа өөрчлөлт оруулахаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулжээ?
-Өнөөдөр үндсэн хуулийг зөрчих асуудал байгаагаас гадна өөрчлөх тухай ч яригдаж байна. Гэхдээ Үндсэн хуулийг дагаж мөрдөх нь чухал. Би хувьдаа 2000 онд долоон өөрчлөлт оруулж байсныг одоо өөрчилж, засах гэж байна гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн хэрнээ Засгийн газрын гишүүн болж, байр сууриа тавьж өгөхгүй, хариуцлага хүлээхгүй байгаа явдлыг арилгах нь гэж харж байна.
Оноос он, жилээс жилд Үндсэн хуулийн ач холбогдол, агуулга санаа тодорч, үүнийг дагаж мөрдөх хүний эрч хүч, зориг чангарч, ойлгож байгаа гэж би бодож байна. Бид юуны тулд “Үндсэн хууль” гэж нэрлэлээ. Тэгэхээр бид эцэг хуулийг мөрдөж ажиллах нь чухал. Гэхдээ хэн дуртай нь энэ хуулийг өөрчилж болохгүй. Нэг хэсэгтээ энэ хуулийг даган мөрдөж, бусад хууль нь үүнээс салбарлаж гарах учиртай гол мод. Өөрөөр хэлбэл, цагийн жамаар цэцэглэж, баяжуулж явах учиртай.
-Танхимд их ширүүн уур амьсгалтай хуралдаж, хуулиа баталж байсан гэлээ. Тухайн үед 430 депутатыг ашиг сонирхлын зөрчилтэй гэх мэтээр “хочилж” л байсан байх?
-Тэр үед залуу халуун явлаа. Маргаж, мэтгэлцэж, хэрэлдэж л байсан. Тухайн үед Их хурал нь Бага хурлын шийдвэрийг баталж өгдөг. Бид авах юмаа авч, авахгүй зүйлээ орхиж Үндсэн хуулиа баталж байсан.
Монгол Улсын хурлын түүхэнд хамгийн олон хоног хуралдаж, бүх ард түмний саналыг авч, түүнийг нэгтгэж, тэдний санал санаачилгыг маш сайн тусгаж өгсөн. Хоёрдугаарт, тухайн үеийн депутатуудыг жалга довны үзэлтэй гэж хочлогдож байсан ч хүний төлөө ажиллаж байсан хүмүүсийг сонгосон байдаг.
Тэр үед худлаа үнэн амлахгүй, улсын хөрөнгө идэж уухгүй, иргэдийн төлөө л гэсэн хүнийг сонгосон байсан гэдгийг цохон хэлмээр байна.
-Тэр олон хоног хуралдахад Үндсэн хуулийн ямар заалт, бүлэг дээр их маргалдаж байв?
-Надад хамгийн ойр нь Төрийн дуулал, Төрийн сүлд байсан. Төрийн дууллын хувьд Ц.Дамдинсүрэн гуай хир халдаалгүй, хэвээр нь үлдээж байсан. Харин Төрийн сүлднээс морийг хасна гэсэн саналыг гаргаж байсан. Миний хувьд “Морио сүлднээсээ авч хаявал Монголын заяа хэлтийнэ. Дандар баатар морь гэдэг хийморьтой амьтан.
Их дайны үед эзнээ аварч явсан тэнгэртэй амьтан. Тийм учраас монгол хүн морьтойгоо байх ёстой” гэж их тэмцсэн. Тэр үед бодит зурсан бус хийсвэр, төсөөлсөн морийг Төрийн сүлдэндээ үлдээнэ гэж хэлээд элдэв хоч зүүсээр байж авч үлдсэн. Тэр үед мориноос гадна цагаан шонхор шувууг сүлдэндээ оруулна гэж зүтгэж байсан.
Ингээд их маргалдсаны эцэст морин дээр тогтох үед одоогийн нэг том төрийн зүтгэлтэн “За яах вэ. Та нараас хойш шувуугаа оруулна” гэж хэлж байсан. Би тэр үгийг марталгүй санаж байгаад маргаашийн хурал дээр хамгийн түрүүнд тухайн хүнд хандаж Равжаа хутагтын
...“Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн болоод хойморын ялгаа юу байх вэ
Үйл нь ирээд аваад явахын цагт
Өвгөн болоод залуу юуны ялгаа байх вэ... гэдэг үгийг хэлж байсан юм. Энэ мэт тэмцэлтэй, улс орныг шинэ хөгжлийн зам руу орлуулах хуулийг баталж байсан юм.
-Бид Үндсэн хуулийн ач холбогдол, дагаж мөрдөх нь чухал хэмээн энэ өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байна. Гэтэл яг энэ өдрийн ач холбогдлыг мэдэрч байгаа хүн цөөхөн ч юм шиг?
-Нийгмийн дагаж мөрдөх замыг Үндсэн хууль зааж өгсөн. Үүнээс бусад хууль нь ургаж гарч байх ёстой гэж дээр хэлсэн. Эцийн эцэст Үндсэн хуулийн цэцийн дээр тэнгэр байдаг гэж ярьдаг.
Тиймээс үндсэн хуулийг сахиулж байх хүмүүс бол Үндсэн хуулийн цэц. Цэц нь цэц шиг байж, улс эх орноо гэсэн сэтгэлээр ажиллах хэрэгтэй. Монгол эх орон гэдэгт эр, эм хүүхэд багачууд бүгд орж байгаа шүү дээ.
Энэ улсын ирээдүйн хувь заяаг атгаж яваа хүмүүс. Энэ өдрийн утга санааг олон түмэнд хүргэх гол хүмүүс нь УИХ. Улсын тамгаа барьж байгаа гишүүд маань үүнд ач холбогдол өгч байгаад баяртай байдаг ч зөвхөн нэг барилдаан зохион байгуулах бус нийгэм рүү чиглэсэн зүйл хийгээсэй.
-Та дээр хэллээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөд “Давхар дээл” гэсэн зүйл орж ирэх нь гэж. Таны бодлоор Үндсэн хуульдаа ойр ойрхон гар хүрээд байх нь хэр зөв юм бол?
-Хар ухаанаар бодоход УИХ-ын гишүүн байж дээрээс нь Засгийн газрын гишүүн болж, ажил цалгардуулах ямар ч шаардлага байхгүй. Ном журмаараа УИХ нь Засгийн газрын дээр байх ч өнөөдөр юу болж байна. Тэгэхээр дархан эрх мэдэл эдлэх хэрэг байхгүй.
Энэ хуулийг 2016 онд биш энэ оноос эхлэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Улс орны төлөөх үгийг заавал номын үгээр бус хэн бүхний зүрхэнд ойр үгээр хэлэх ёстой.
-Тэгэхээр одоогийн парламент ажлаа муу хийж байна гэх гээд байна уу?
-Нэг сайн шийдвэр гаргаж чадахгүй. Анги, намаар талцаад бүр сүүлдээ ард түмнийг талцуулж байна. Ингэж ард түмнийг талцуулах бус бүх монголчууд, монголын төлөө явах нь чухал. Бид хэчнээн нам анги гэж ярьж байгаа ч бидний ард монгол эх орон байгаа шүү дээ.
Үүний төлөө л ажиллах зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй. Гэтэл одоо хөдөө нутагт очиход бүх газрыг нь сийччихсэн байх юм. Дан шархи сорви болсон хүнийг хүн тоохгүйтэй адил газар шороогоо хайргүй шархдуулж байгаад харамсдаг. Өнөөдөр ганц уул уурхай манай улсыг хөгжүүлнэ гэж яриад байгаа нь буруу.
Үүнээс өөр хөгжлийн гарц олон бий шүү дээ. Ашиг олзны төлөө явж байгаа хүн өөдлөхгүй шүү дээ. Тиймээс албаны үгээр, хэт номчирхож, намчирхах бус Монгол гэдэг улсыг л хөгжүүлэх нь засаг төрийн үүрэг. Хүн тэнгэрийн дор амьдарч хуулийн дор бөхийдөг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!