Уншиж байна ...

"Монголын Нууц Товчоон" бичигдсэн жинхэнэ оныг ёсчилъё

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэлбичгийн ухааны доктор зохиолч орчуулагч Я.Ганбаатар Монголын Нууц Товчоог бичигдсэн оныг ёсчлох ёстой хэмээн үзэж, өөрийн хийсэн судалгаандаа үндэслэн бичсэн нийтлэлийг хүргэж байна. 



Монгол үндэстний агуу их түүхийг өгүүлсэн гайхамшигт хөлгөн судар “Монголын нууц товчоон” анхдагч байдлаар бичигдсэний 800 жилийн түүхт их ой ойртож байна.

2028 онд тохиох энэ түүхт ойг угтан бид юу хийж, юу хийх гэж төлөвлөж байна вэ? Монгол үндэстний ой санамжийг хадгалж, өнөөгийн бидэнд өртөөлөн хүргэж ирсэн энэ агуу их түүх бичлэг аль ч талаараа, ямар ч утгаараа агуу гайхамшигтайгаараа хосгүй, давтагдашгүй шижир тунгаамал билээ. Төр засаг, шинжлэх ухааны байгууллагууд, Олон улсын Монгол судлалын холбоо, манай эрдэмтэн судлаачид энэ зүгт хэдийн анхаарч, судалж бүтээж байгаа гэдэгт эргэлзэх юун.

зураг
 

Энэ удаад би бээр өөрийн хийж буй зүйлээ товчлон дурдаж, монгол түмэндээ хүргэхийг зорилоо. Өнөөг хүртэл эрдэмтэд МНТ-ны энэ түүхэн урт цаг хугацааг ангилж, үечилж байгаагүй ажээ. Хэсэгчилсэн эсвэл оновчгүй оролдлого байсныг үгүйсгэхгүй, бас энд нуршин дурдмааргүй байна. Ингээд энэ урт хугацааг хэд хэдэн янзаар үечлэн хувааж авч үзэх боломжтой төдийгүй, зайлшгүй шаардлагатай байна.

Тиймээс энэ 800 жилийг:

  • Нэгдүгээрт МНТ-ны түүхэн цаг хугацаа гэж авч үзье.
  • Хоёрдугаарт МНТ-ны түүхэн хувь заяаг авч үзье.
  • Гуравдугаарт МНТ-ны судлалын түүхийг ангилж үзье.

800 жил гэдэг бол түүхэн урт цаг хугацаа, бүхэл бүтэн эрин үе билээ. Энэ урт хугацаанд МНТ-ны түүхэнд маш олон үйл явдал тохиолдсон нь дамжиггүй. Тэгвэл тэдгээр үйл явдлын зарим нь хүнээр зүйрлэвэл онцгой содон, эмгэнэлтэй болоод бахдам үйл явдлуудаар дүүрэн байдаг. Түүнчлэн МНТ судлал олон зууны туршид янз бүрийн хэлбэрээр хийгдэж, өргөжин гүнзгийрч, олон улс орныг хамран тархаж иржээ.

Энэ 800 жилийн урт түүхэн цаг хугацааг үндсэнд нь гурав ангиллаа. Ингээд дээрх үеүдийг дахин томьёолъё:

Нэгдүгээр үе: МНТ-ны эх бичгийн үе буюу Алтан дэвтрийн үе 1228-1382 он,

Хоёрдугаар үе: МНТ-ны хятад орчуулгын үе буюу Юаньчао миши-гийн үе 1382-1866 он,

Гуравдугаар үе: МНТ-ны дахин мэндэлсэн үе буюу Монголын нууц товчоон гэгдэх болсон үе 1866-аас хойш өнөөдрийг хүртэл.

Алтан дэвтэр, Алтан товч зэрэг нэр МНТ-ны анхдагч нэр байх магадлалтай. Харин Юаньчао миши буюу Юань төрийн нууц түүх хэмээх нэр бол оновчгүй нэр тул өнөөдөр хэрэглэгдэх нь багасжээ. Учир нь МНТ-нд Юань улсын үеийн тухай өгүүлсэн зүйл нэг ч байхгүй.

МНТ-ны хувь заяатай холбоотой онцгой цаг үе, онцгой үйл явдлуудыг тодотгон ангилах боломжтой байна. Бүхэл бүтэн эрин үе болох энэ урт цаг хугацааны туршид МНТ маш ээдрээтэй, хүнд хэцүү хувь заяаг туулж өнгөрүүлжээ. МНТ-ны түүхэн хувь заяатай холбоотой онцгой цаг үе, онцгой үйл явдлууд гэж түүний найман зууны түүхэнд тохиосон таван онцгой, чухал үйл явдлыг дурдаж байна. Эдгээр нь:

  • нэгдүгээрт: МНТ 1228 онд мэндэлсэн,
  • хоёрдугаарт: 14 дүгээр зуунд монгол хэлээр, хятад ханз үсгээр галиглагдаж, хятад хэлээр орчуулагдсан /анх удаагаа гадаад хэлээр орчуулагдсан/,
  • гуравдугаарт: 1866 онд Палладий Кафаров орос хэлээр орчуулсан /хоёр дахь удаагаа гадаад хэлээр орчуулагдсан/,
  • дөрөвдүгээрт: 1917 онд Цэнд гүн монгол хэлээр, худам монгол бичгээр эргэн хөрвүүлсэн /эх хэлээрээ дахин төрсөн/,
  • тавдугаарт: 1947 онд ак.Ц.Дамдинсүрэн МНТ-ны уран сайхны орчуулгыг хийсэн /энэ бол МНТ мөнхөрсөн, мөнхийн бүтээл болсон гэсэн үг/ зэрэг болно.

МНТ-ны түүхэн хувь заяанд гарсан эргэлтийн шинжтэй эдгээр таван үйл явдал бүгд өөр өөрийн онцлогтой. Тухайлбал

  • 13 дугаар зуунд бичигдсэнээр монгол үндэстний Библи судар шиг ариун ном бий болсон;
  • хятад ханз үсгээр, монгол хэлээр бичигдсэнээр дахин мэндэлж, үрэгдэж алга бололгүй хадгалагдаж үлдсэн;
  • 1866 онд түүнийг орос хэл рүү орчуулснаар дэлхийд түгэх болж өнөөдөр 30-аар тоологдох гадаад хэл рүү орчуулагдах эхлэл тавигдсан; монгол хэл бичгээр хөрвүүлэгдсэнээр эх хэл бичгээрээ дахин мэндэлсэн;
  • уран сайхны орчуулга хийгдсэнээр хувилсан төрлийг олж цаг үеэс хоцролгүй зэрэгцэн оршиж мөнхрөх хувь заяа эдэлсэн гэж дүгнэж болох юм.

Хүнээр зүйрлэвэл МНТ-ны хувь заяанд тохиолдсон онцгой үйл явдлууд, хувь заяаны огцом эргэлтүүд гэж хэлж болно. МНТ-ны 800 жилийн түүхэнд тохиолдсон онцгой тэмдэглэлт эдгээр он тооллыг нэг нэгээр нь авч үзэж судлах ёстой. Энэ үечлэл ангилал яс тогтсон хөдөлбөргүй зүйл биш бөгөөд эрдэмтэн судлаачид бүтээлч байдлаар нэмж баяжуулах боломжтой.

Олон улсын ихэнх эрдэмтэд МНТ-г 1866 оноос хойш сая шинжлэх ухааны эргэлтэд орж, олон улс орны эрдэмтэн судлаачид судалж шинжилж ирсэн гэж үздэг. Хэрэг дээрээ түүнээс өмнө ч хэдэн зуун жилийн туршид ном бичгийн мэргэд, түүхчид сударчид МНТ-г анхааран сонирхож, судалж шинжилсээр иржээ.

Эрдэмтэн судлаачид МНТ судлалыг цаг хугацааны хувьд 1866 оноос эхлэн авч үздэг нийтлэг жишиг бол шинжлэх ухаанч, академик түвшний судалгааг хэлж байгаа нь ойлгомжтой. Харин МНТ-г 1228 онд бичигдэж мэндэлсэн гэж үзвэл түүнээс хойш өнөөдрийг хүртэлх 800 зууны урт хугацаанд 1866 оноос өмнөх цаг үед яригдах судлал байхгүй гэж үзэж болохгүй. Тухайлбал манай өмнөд хөрш Хятадад МНТ-г 1866 оноос хамаагүй өмнө, их бага, янз бүрийн хэмжээгээр хэл, бичиг, түүх, түүх бичлэг, соёл, угсаатны зүйн зэрэг цөөнгүй чиглэлээр судалсаар иржээ.

Иймд МНТ судлалын түүхийг хэд хэдэн чиглэлээр, янз бүрийн ангилал, үечлэлд хуваан авч үзэх нь сонирхолтой төдийгүй, зайлшгүй хийгдэх чухал ажил болох нь ойлгомжтой. Ингээд МНТ-г Хятадад, Монголд болон олон улсад судалсан байдлыг нь баримтлан МНТ судлалын түүхийг дараах маягаар үечлэх оролдлого хийлээ. Үүнд:

  1. Монголын Юань улсын үе буюу 1260-1368 он хүртэлх 100 гаруй жил,
  2. Хятадын Мин төрийн үе буюу 1368-1644 он хүртэлх 270 гаруй жил,
  3. Манж Чин улсын үе буюу 1644-1911 он хүртэлх мөн 270 гаруй жил,
  4. 20 дугаар зууны үе,
  5. 21 дүгээр зууны үе.

1866 оноос өмнөх урт цаг хугацаанд МНТ-ны тухайт судалгаа үндсэндээ Хятадад хийгдэж ирсэн тул ийнхүү Хятадын түүхийн ерөнхий үечлэлтэй давхцуулан Юань, Мин, Чингийн үеийн МНТ судлал гэж авч үзсэн болно. Харин Манж Чин улсын үеэс хойших МНТ-ны судалгааг цаг үеэр нь буюу зуунаар ангилах нь илүү оновчтой байна. Яагаад гэвэл 20 дугаар зуунд МНТ судлалаар олон улсад их зүйл хийгдэж, олон улсын нэр хүндтэй, бие даасан том судлал болон хөгжсөн билээ.

Дүгнэж хэлэхэд МНТ судлал улам идэвхжин гүнзгийрч байна. МНТ нь судалгаа, шинжилгээний хязгааргүй өргөн боломжтой бөгөөд сүүлийн жилүүдэд энэ зүгт олон улс орны олон эрдэмтэн судлаачид идэвхийлэн ажиллах боллоо. Энэ өнгөн дээр судлаачдад судалгааны чиглэл, арга зам, улам их боломжийг олгох буйн нэг нь МНТ-ны 800 жилийн түүхэн цаг хугацааг ангилан, үечилж судлах явдал мөн.

Түүнчлэн 1866 оноос өмнөх хэдэн зууны туршид хийгдэж ирсэн судалгааг гарган ирж эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах шаардлагатай гэж үзэж байна. Ингэж ангилж, үечлэх нь МНТ судлалыг системчилж, төрөлжүүлж үечилж, улмаар судалгааг урагшлуулж, гүнзгийрүүлэх ач холбогдолтой. 800 жил бол 8, эсвэл 80 жил биш. Иймд энэ түүхэн урт хугацааг ангилж, үечлэх бүрэн боломжтой төдийгүй, зайлшгүй шаардлагатай юм.

Шуудхан хэлэхэд өнөө хэр нь Хятадад хийгдсэн МНТ судлалын маш их судлагдахууныг Монгол Улсад төдийлөн сайн мэдэхгүй хэвээр байна. Энэ 800 жилийн хугацаанд Хятадад маш их ажил хийгдсэн байдаг. Тухайлбал Юань улсын үед МНТ-г нууцлан хадгалж хамгаалж ирсэн бол Мин улсын үед МНТ-г хятад ханз үсгээр галиглан буулгаж, хятад хэлээр орчуулсан. Ингэснээр тухайн цаг үеийн бичгийн хүмүүс, ном хэвлэл цуглуулагчдын гарт хүрч гар бичмэлээр хуулбарлагдан, бар хэвлэлээр хэвлэгдэн тараагдаж ирсэн байдаг. Чин улсын үед МНТ-г шинжлэх ухаанч байдлаар хэл шинжлэл, бичиг үсэг, түүх, угсаатны зүй, соёл, антропологи, газар зүй, цэрэг дайны чиглэлээр мэргэжлийн түвшинд судлах болсон ажээ.

Эцэст нь онцлон тэмдэглэхэд манай төр засаг, шинжлэх ухааны байгууллагууд, Олон улсын Монгол судлалын холбоо, Монголч эрдэмтэн судлаачид МНТ-ны бичигдсэн жинхэнэ оныг сэргээн тогтоож, ёсчлон батлах шаардлага түүний бичигдсэний 800 зууны түүхт их ой дөтлөн ирж буй энэ үед тулгам тавигдаж байна. 1989 оны зургаадугаар сард ЮНЕСКО-гоос МНТ мэндэлсний 750 жилийн ойг олон улсад тэмдэглэх шийдвэр гаргаж 1990 оны зун Монгол Улсад энэ ойг нижгэр тэмдэглэсэн билээ. Түүнээс хойш МНТ-г 1240 онд бичигдсэн гэж албан ёсоор үзсээр ирсэн ч, хэрэг дээрээ дэлхийн ихэнх монголч эрдэмтэд түүнийг 1228 онд мэндэлсэн гэж үзэх болоод байгаа билээ. Энэ нь ч хөдөлбөргүй түүхэн үнэн юм.

Тийм ч учраас бид энэ түүхт ойг 2040 онд тэмдэглэнэ гэж хойш тавилгүйгээр, алгуурлалгүйгээр, өнөөдөр л бодож төлөвлөж, хийж хэрэгжүүлэх цаг нь чухам тулж ирсэн байнам. 1989 онд цаг өөр, нийгэм өөр, бүх юм өөр байлаа. Хуучин сэтгэлгээ, хувьсгалч зан, коммунист үзэл сурталд хүлээстэй байжээ. Одоо бол өөр цаг үе, өөр нийгэм, ардчилсан, чөлөөт сэтгэлгээ бий болсон. Тиймээс энэ удаад бид гаднаас санал санаачилга хүлээх хэрэггүй.

МНТ бол 13 дугаар зууны Төв Азийн Нүүдлийн соёл иргэншил, монгол үндэстэн, Монголын их гүрэн, Монгол төрийг тольдогч гэрэлт толь мөн. Түүнийг уншихад мянганы тэртээх агуу их дээдсийн цадиг түүхийг шидэт толинд харах мэт болдог билээ. 13 дугаар зууны үеийн тэр аж төрөл, тэр амьдрал ахуй чинагш бас мянган жилийн тэртээд буй болсон байж таарна аа.

Чухам чингэж мянганыг өртөөлөн хүргэж ирсэн энэ гайхамшигт бүтээлд худал юм, зохиомол зүйл нэг ч байхгүй. МНТ бол тийм бодит үнэн бүтээл, жинхэнэ реалист туурвил мөн. Харин өнөөдөр л мунхаг бидэн түүний олон олон үйл явдал, болж өнгөрсөн түүхийг үгүйсгэж, өөрчлөх гэж мунхаглах болжээ. Чингис хаан гартаа шагайн чинээ нөж атгаж төрөөгүй л гэнэ. Найман зууны тэртээд монгол хүн монгол хэлээрээ, монгол бичгээрээ цагаан дээр хараар, цаасан дээр бэхээр биччихсэн байхад л ингэж байх гэж. Чингис хааныг 65 насандаа тэнгэрт хальсны нь дараа жил тэртээх 1228 онд ордны бичээч сударчид эцэслэн туурвиж мөнхөлсөн хөдөлшгүй баримтыг өнөөдөр бид найман зууны хойно цэцэрхэн үгүйсгэх болсон нь даанч халаглалтай.

Тэмүүжин, Хасар хоёр Бэгтэрийг алаагүй л гэнэ, Алунгоо эхийн домог худлаа л гэнэ, Жамуха гэж бодит хүн байгаагүй л гэнэ, цатгалан могой шургах завсаргүй ой гэж байдаггүй л гэнэ, Чингис хаан зун төрөөгүй, өвөл төрсөн л гэнэ, өвөл төрөөгүй зун төрсөн л гэнэ... Өнөөдөр хүүхэд залуучуудаас “Хамгийн дургүй хичээл чинь юу вэ?” гэвэл “Түүх” гэж хариулдаг болсон нь эмгэнэлтэй.

Биднийг ингэж мунхаглаж байхад харийнхан Чингис хаан монгол хүн биш, казах хүн байсан, солонгос хүн байсан, орос хүн, хятад хүн байсан, Чингис хаан ногоон нүдтэй, шар үстэй цагаан арьстан байсан... гэж эздийлэх нь арга ч үгүй буй заа. Улмаар бас МНТ монгол хэлээр уйгуржин бичгээр бичигдээгүй, хятад хэлээр, ханз үсгээр бичигдсэн, түрэг хэлээр бичигдсэн, тангад, түвд хэлээр бичигдсэн... гэх гөрдлөг ч бий болоод байна.

Иймд манай эрдэмтэд Монгол үндэстний агуу их хөлгөн түүх мэндэлсэн жинхэнэ оныг тогтоон ёсчлоход нэгдэн нийлж төр засагтаа өргөн бариасай гэж хичээнгүйлэн дуулгаж байна. Чингэхийн тулд ажлын хэсэг байгуулж, судалгаа шинжилгээг нарийвчлан хийж, нэгтгэн тоймлож, үр дүнг нь Чингис судлал, МНТ судлалыг онцгойлон анхаарч ивээн тэтгэж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн танилцуулах нь зүйтэй буй заа.

Үүний зэрэгцээгээр нэгэн зүйлийг дурдахад, МНТ-ны энэ түүхэн их ойг угтан зөвхөн эрдэмтэн судлаачид төдийгүй зураач урчуул, зохиолчид, уран бүтээлчид ч бүтээл туурвил идэвхийлэн хийгээсэй хэмээн хүсэхийн хамт, миний бие МНТ-ны түүхэн хувь заяаг өгүүлсэн “Алтан дэвтрийн эрэлд” хэмээх уран сайхны кино зохиол бичсэнээ киноны уран бүтээлчдэд дуулгаж, хамтран ажиллах сонирхолтой хүмүүс холбогдохыг хичээнгүйлэн хүсэж байна. Таалалд тань орших болтугай!

Хэлбичгийн ухааны доктор зохиолч орчуулагч Я.Ганбаатар.