Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Ганбаатар: Хянган аймаг гэхэд л энэ зун 200,000 жуулчин Монгол явуулах зорилт тавьсан. Гэтэл манай зүүн бүс нутаг энэ тооны жуулчин авах хүчин чадалгүй

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

-Алтан дэвтрийн эрэлд-

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатартай одоо эрхэлж буй ажил, хийж байгаа судалгааных нь талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Ганбаатар гуай эх орноо төлөөлөн харьд суун ажиллаж амьдарч байна. Герман улсын Берлин хот, өмнөд хөршийн Бээжин, Хөх хот, Тайваньд ажилласан тэрбээр энэ удаад Манжуур хотод Консулаар ажиллаж байгаа юм.

Дипломатч, эрдэмтэн, зохиолч Я.Ганбаатартай хийсэн ярилцлагаа танд толилуулъя.

- Та сүүлийн жилүүдэд нам гүм байна. Хаана юу хийж байна? Бүтээл судалгаа арвин биз дээ?

- Сүүлийн хэдэн жил яах аргагүй нам гүмхэн байлаа. КОВИД-19 нөлөөлөөд Монголдоо ч цөөхөн ирлээ, ном ч хэвлүүлж амжсангүй. Гэхдээ төрийн ажлыг ч хийж, эрдэм судлалын ажлаа ч орхилгүй амжуулсаар л байна. Би 2020 онд Монгол Улсаас Манжуур хотод суух Консулаар томилогдож ирсэн. Дөрвөн жил энд ажиллаж байна.

Шинэ газар Дипломат Төлөөлөгчийн газар байгуулж ажиллана гэдэг амаргүй. Тэр тусмаа КОВИД-19 цар тахлын дундуур хатуу хөл хориог туулан ирж бүгдийг тэгээс эхлүүлэхэд үнэхээр хэцүү байсан. Гээд яахав, Консулын газар байгууллаа, харьяа тойргуудтайгаа, хилийн боомтууддаа явж ажиллаж байна.

Манай Консулын газар Манжуур хотоос гадна Хөлөнбуйр, Хянган гэсэн хоёр том аймгийг хамран хоёр улсын орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ард иргэдийн солилцоог өргөжүүлэхийн төлөө зүтгэж байна.

- Монголчууд их ирж байна уу. Консулын газар ямар ямар чиглэлээр ачаалалтай ажиллаж байна вэ?

- Монголчууд олноороо аялан ирж байна. Зарим өдөр ганц Хавирга-Архашаат боомтоор 40 автобус дүүрэн аялагчид орж ирдэг. Ойрхон, зардал бага болохоор тэр.

Улаанбаатараас, бүр Говь-Алтайгаас байгууллага, анги хамт олноороо ирэх юм. Тэр хэрээр асуудал үүсдэг. Манайхан болсон хойно маш их архидаж байна. Тэгээд л хэрэг төвөг үүсгэнэ, согтуудаа буудлаасаа гараад төөрчихнө. Өвлийн хүйтэнд осгоно. Дулаан цагт бол арай осгочихгүй, гуйлга гуйгаад, давраад архи гуйж уугаад алийгаа алдах юм. Зодоон цохион хийнэ. Тэр болгонд л Консулын газраас явж зохицуулна, цагдаагийнхантай хамтарч ажиллана. Нас барсан хүний ар гэртэй нь холбогдож, шарилыг чандарлуулан буцаана. Энэ мэтээр консулын, иргэдийн асуудал тасрахгүй байна.

Манжуур хот, Хөлөнбуйр, Хянган аймаг бол мод үржүүлгээрээ онцгой. Мал аж ахуй, газар тариалангаас илүү мод үржүүлгийн аж ахуй их хөгжсөн. Төр засгаас нь ч их анхаарч дэмждэг юм байна. Уул талыг бүрхсэн их модны аж ахуйтай. Олон төрлийн сайхан сайхан мод ч их.

Энэ хавар Монголд хэдэн мянган ширхэг мод хандивлуулчих санаатай ажилласан, айлын талаас нь арай гэж болгосон чинь манай тал оруулдаггүй, ихэнхийг нь үхүүлчихлээ. Ёстой болдоггүй юм байна.

"Тэрбум мод" хөтөлбөрийг Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс дэвшүүлээд дэлхий дахинд зарласан. Түүнд нэмэр болгоё гэхээр энэ. Уг нь хэдэн мянган км урт Хянганы уулсыг ойжуулсан аварга том туршлага энд байна. Нэг уулын аманд л тэрбум модны үр, суулгац, зулзган мод ургаж байна шүү дээ. Тэгэхлээр зайлшгүй хамтран ажиллах нэг чиглэл бол энэ мөн гэж үзэж байна.

Өөр нэг зүйл бол хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж энд байна. Зуны улиралд энд 5-8 сая хүртэл дотоодын жуулчид өмнө зүгийн халуун бүс нутгаас ирдэг. Тэдний цөөнгүй нь Монголд аялах хүсэлтэй ч одоогоор хэрэгжсэн юмгүй л байна. Сая сая жуулчин авна гэсэн зорилт тавиад, маш их рекламдаад байгаа ч, яаж авах эрхзүйн үндэс, нөхцөл боломж нь тодорхойгүй байна.

Ганц Хянган аймаг гэхэд л энэ зун 200 мянган жуулчин Монголд оруулах зорилт тавьсан. Хятадууд төлөвлөсөн л бол хэрэгжүүлдэг улс. Гэтэл манай зүүн бүс нутаг 200 мянган жуулчин авах хүчин чадал, жуулчны бааз, зочид буудал, худалдаа, үйлчилгээ байхгүй. Бодит байдал ийм л байна. Ийм маягтайгаар энэ зуны жуулчны улирал өнгөрөх юм шиг байна.

зураг
 

- Харамсалтай юм аа. Уг нь аялал жуулчлалын салбар бол бага зардлаар их ашиг орлого олдог салбар гэдэг дээ?

- Нэг олзуурхууштай зүйл бол миний сууж байгаа энэ Өвөр Монголын хойд бүс Хөлөнбуйр, Хянган нутаг бол тэр чигтээ эртний монголчууд, 13 дугаар зууны Монголын их гүрний түүх бичигдсэн өлгий нутаг, тэр чигээрээ түүхийн хуудаснууд юм аа.

Би ёстой олзуурхаж тэр бүгдийг явж үзэж, судалж байна. Хэдэн жил нэлээн судаллаа, "Монголын нууц товчоон"-д тэмдэглэгдсэн газар усны судалгаа гэдэг эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, Хөлөнбуйрт байгаа арав гаруй газрын тухай мэдээллийг өнгөрсөн жилийн наймдугаар сард Улаанбаатарт болсон Олон улсын Монголч эрдэмтдийн Их хуралд илтгэл болгон танилцуулсан.

Монголын нууц товчоонд тэмдэглэгдсэн газар орон гэвэл 200 шахам бий. Монголын түүхэн газар орны нэрийн судалгааг далайцтай хийж байгаа др.Э.Равдан багшийнхаар бол бүр 240 хүрнэ. Хөлөнбуйр аймгийн судлаач Мишиг гэдэг хүний тоолсноор МНТ-нд 197 газар орны нэр тэмдэглэгдсэн байдгаас манай Монголын нутаг дэвсгэр дээр 90 гаруй, Хятадын нутагт 57, түүнээс Өвөр Монголд 26, миний сууж буй Хөлөнбуйр, Хянган нутагт 17 нь байна. Орос, Дундад Ази, Европ зүгийн 37 газар орны нэрс байдаг.

- Та Хүннү судлаач. Түүнийгээ орхисон уу?

- Үгүй ээ, орхиогүй. Миний олон жил хийж ирсэн үндсэн судалгаа бол Төв Азийн Нүүдлийн соёл иргэншлийн түүх юм байгаа юм. Хятад хэлээ ашиглан Хятадын эртний түүх бичлэг, эх сурвалжуудад байдаг Төв Азийн нүүдэлчин улс түмнүүдийн түүхийг сугалан гаргаж ирж судалдаг гэсэн үг. Хүннү угсаатан, Хүн гүрний түүхийг нэлээд судалсан. Язгуурын монгол гэгддэг Хитан угсаатны түүх, соёлыг судалсан. Энэ судалгааныхаа үр дүнг хэвлүүлж амжаагүй хорин жил болж байна. 13 дугаар зууны Монголын их гүрний түүх, соёлыг нэлээд судалсан. “Их гүрний дөрвөн нийслэл” нэртэй ном бичиж бэлэн болгосон ч мөн л хэвлүүлж чадаагүй байна. Монголдоо бүрмөсөн очихоороо хэвлүүлнэ дээ.

Хэдийгээр би сүүлийн хэдэн жилд "Монголын нууц товчоон"-ы судалгааг түлхүү хийж байгаа ч бүр ерээд оны дундаас л энэ чиглэлийн судалгааг хийж эхэлсэн. Тэр үед "МНТ-г Библи судартай харьцуулсан судалгаа", "Монголын нууц товчоог тэмдэглэсэн хятад ханз үсгийн тухай" зэрэг өгүүлэл бичиж МУИС-ийн хэвлэлүүдэд нийтлүүлж, төвийн сонин хэвлэлд гаргаж байсан.

Мөн Бээжин, Хөх хот, Тайваньд ажиллаж байхдаа Чингис судлал, Юань улсын судлалаар судалгаа хийж, хэд хэдэн ном хэвлүүлсэн. Тухайлбал "Гүрний их нийслэл Дайду-Хаанбалгас", "Юань улсын үеийн монголчуудын хятадаар бичсэн шүлгийн сонгомол", Тайванийн Хааны ордон музей дэх "Монголын түүх, соёлын өв дурсгалууд", "Тайванийн Төв номын санд хадгалагдаж буй Юань улсын үеийн ном судрууд" зэрэг тухайн улс оронд буй Монголын холбогдолтой арвин их судлагдахууныг гарган ирж эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, монголчууддаа мэдээлж танилцуулах ажлыг хийж ирсэн.

- Та хэзээнээс дипломат албанд шилжиж ажиллав. Хаана хаана суусан тухай тань уншигчдад сонин байх болов уу?

- 1998 онд би Берлиний Хумбольдтын нэрэмжит Их сургуулийн Монгол судлалын тэнхимд ажиллахаар явсан юм. Миний багш Ш.Чоймаа надад ийм болж олгосонд би одоо ч баярлаж явдаг. Чоймаа багш өөрөө наяад оноос хойш хоёр гурван ч удаа тэнд зочин профессороор ажиллаж байсан хүн шүү дээ. Нутгийн минь ах, номын багш гээд бид яах аргагүй ойрын холбоотой хүмүүс. Миний өвөг дээдчүүл Чоймаа багшийн аав Цагаан морьт лам ах гэж Буддын шашны ном сургаалд нэвтэрсэн их хүний тухай үлгэр домог шиг л хуучилж суудаг байсныг би ухаан суусан цагаасаа мэднэ ээ.

зураг
 

2001 онд намайг төр засаг дуудаж Бээжин дэх Элчин сайдын яаманд томилсон юм. Н.Энхбаяр Ерөнхий сайд байсан. Энэ ажлыг хий гэж үүрэг өгч ажиллуулсан. Түүнээс хойш би очсон газар болгондоо чадлынхаа хэрээр Монголын гэсэн бүхнийг судалж эмхлэн нэгтгэж ирсэн.

2003 онд шиг санагдана, Японд багшилж байсан түвдэч др.Л.Хүрэлбаатар багш Бээжинд ирж хэд хонохдоо хамт явж Дайду-Хаанбалгасын үлдэгдэл туурь, хана хэрэм, цамхаг суваргыг үзэж явахдаа надад "Монголын түүх, соёлын асар их өв дурсгалууд Хятадад бий. Өнөөг хүртэл бид мэддэггүй явж ирлээ. Сургаар мэдэх нэг хэрэг, нүдээр үзэж, гараар барьж судална гэдэг огт өөр. Явуулын бид энэ бүгдийг үзэж судалж чадахгүй. Байран суурин сууж байгаа та нар л хийх хэрэгтэй. Ээ дээ, Монгол судлалд их буян болно шүү” гээд, “Харин чи орчуулгаа боль. Чиний хийх ажил бол орчуулга биш, эрдэм судлалын ажил шүү!” гэсэн юм. Түүнээс хойш би орчуулгатай их зууралдахаа багасгаж, судалгаагаа дагнасан даа.

Оросын нэрт монголч эрдэмтэн Яакинф Бичурин гэдэг хүн 1808 оноос 1821 он хүртэл Бээжинд Оросын шашны төлөөлөгчөөр сууж, тэр үеийн Бээжин хотыг нүхлэн судалсан байдаг. Би 2001-2009 оны хооронд Бээжинд ажиллаж амьдарч байхдаа Хубилай хааны байгуулсан Юань гүрний нийслэл Дайду-Хаанбалгасыг судалсан. 2008 онд Я.Бичурины намтар, бүтээлийг судалж байхдаа яг 200 жилийн өмнө тэр их бичгийн хүн ийм судалгаа хийж байжээ гэдгийг мэдээд олзуурхаж, их урам авч байсан шүү. Хөх хотод ажиллаж байхдаа мөн Өвөр Монголд байдаг өв дурсгалуудыг нэлээн судалсан. Өвөр Монголд маш их юм бий, ганц хүн барахгүй.

Манжуурт ажиллаж амьдарч байгаа энэ жилүүдэд “Монголын нууц товчоон” судлал руу нэлээд идэвхтэй орсон. Сонирхуулж хэлэхэд энэ Хөлөнбуйр, Хянган нутаг бол эртний монгол үндэстний уугуул нутаг орон, өнөөдөр ч монгол үндэстний барга, буриад, үзэмчин, горлос ястан аж төрж байгаа, Монгол үндэстний эртний нэгэн гал голомт, Монголын агуу түүх цадиг бичигдсэн түүхэн газар нутаг мөн. Тийм ч учраас жишээ нь Чингис хааны эх Өэлүн хатны олхонууд аймгийн нутаг, Чингис хааны хатан Бөртэ үжиний хонгирад аймгийн нутаг, 1206 онд их төрийг байгуулж, Чингис хаан цол хүртээд гавьяатан сайд жанжид, алтан ургийнхандаа нутаг орон, харьяат иргэд хуваарилж өгөхөд Өэлүн эх, Чингис хааны дүү Хавт Хасар, Тэмүгэ отчигин нарт ногдсон нутаг.

“Монголын нууц товчоон”-ы дөрөвдүгээр бүлгийн 141 дүгээр зүйлд 1201 онд олон монгол аймгийн тэргүүд язгууртнууд Эргүнэ мөрөнд цутгах Гэгээн мөрний Шинийн агуу нуга хэмээх газарт хуран чуулж Жадран аймгийн Жамухаг Гүр хаанд өргөмжилж тангараг өргөсөн тэр газар энд бий. Жамуха бол Тэмүжинээс өмнө хаанд өргөмжлөгдсөн, тэгээд ч Монголд нэг үе хоёр хаан байсныг энэ өгүүлэмж илтгэдэг. “Монголын нууц товчоон”-д хамгийн анх он тоолол дурддаг үйл явдал нь яах аргагүй энэ юм байгаа юм.

Чингис хааныг есөн настайд нь эцэг Есүхэй нь ургийн нутагт авч очиж сүй тавихаар явах замдаа “Буйр нуур, Хөлөн нуурын хооронд урсах Оршуун голоор нутагтай хонгирадын Дэй сэцэнтэй учрав” гэж өгүүлдэг тэр газар энд байна. Их түүхийн Оршуун гол өнөө ч зуун зууныг нэвтлэн цадиг хайлах мэт мяралзан урссаар байна.

Хөлөн нуурыг хятад нөхөд байгалийн унаган төрхөөр нь сайхан хамгаалж байна. Сая сая хүн аялж талхчаад ирэхээр байгалийн унаган төрх, экологийн тэнцвэр алдагддаг юм байна, иймд хятадууд шийдвэр гаргаж Хөлөн нуурыг тойрсон аялал жуулчлалын олон бааз цогцолборуудыг бүгдийг нь хааж болиулсан. Ёстой л дэлхийн нуруу тэнийх шиг болсон гэнэ билээ.

- Маш сонирхолтой юм аа. Энэ талаар цааш нь дахиад хэдэн жишээ дурдаач?

- Түрэг аймагт ялагдаад зугтсан монгол аймаг Эргүнэ хун гэдэг газарт аж төрөн суугаад хэдэн зууны дараа уул хөөрөгдөн нүхэлж Хөлөнбуйрын тал руу гарч ирж, улмаар Бурхан халдун ууланд хүрч нутагласан гэгддэг Эргүнэ мөрөн ч бас Хятад-Оросын хилийг зааглан үүгээр урсч байна. Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяаж төрсөн Бөртэ чоно, Гоо марал хоёр 7 дугаар зууны үед эндээс нүүдэллэн Бурхан халдун хэмээх их түүхийн өлгий Хэнтийн ууланд очсон гэдэг шүү дээ.

Энд Хасарын овоо, Хавт Хасарын ордон гэсэн түүхт газрууд бий. Эргүнэ мөрний хойд хөвөөнөөс 1225 онд сийлсэн Чингисийн чулууны бичиг олдсон нь ийм учиртай. Чингис хаан өрнө зүгт хийсэн долоон жилийн их аян дайнаасаа буцаж эх нутагтаа ирээд Сэлэнгийн Буур хээр гэдэг газар их найр наадам хийсэн. Тэгэхэд Хасар хүү Есүнгэ мэргэн 335 алд газарт харвасан онцгой их онч мэргэн, хүч чадлыг нь хөшөө чулуунд сийлж мөнхөлсөн юм.

Хожим нь Есүнгэ мэргэн эцгийнхээ эзэмшил нутагт амьдарч байхдаа энэ хөшөөг эзэмшил нутагтаа орд өргөөндөө залж байжээ. Өнөөдөр тэр газар Эргүнэ мөрний хойд хөвөө буюу Оросын нутаг болсон л доо. Тэндээс 1818 онд олж Санкт-Петербургт хүргэсэн гэдэг. Эх хөшөө нь өдгөө Санкт-Петербургийн Эрмитажид хадгалагдаж байгаа. Манайхан хэдэн жилийн өмнө хувь хуулбар авч Төрийн ордондоо залсан шүү дээ.

зураг
 

- Та одоо ямар ном бүтээл дээр сууж байна. Алийг нь гараас гаргав?

- Би Берлин, Бээжин, Хөх хот, Тайваньд, одоо эндэхтэй нийлээд хорь гаруй жил гадаадад төрийн алба хашиж суужээ. Зарим жил нь 2-3 ном хэвлүүлдэг байсан. Мөн Ардын жүжигчин, нэрт кино найруулагч Г.Жигжидсүрэн, “Сэмүн” продакшны Баяр нарын хамт “Дэлхийд тархсан Монгол өв соёл”, “Хүн гүрэн” зэрэг телевизийн цуврал баримтат кино, нэвтрүүлгүүд хийсэн нь хүмүүст их хүрсэн байдаг. Одоо ч энд байгаагаа ашиглаад тэр ажлаа үргэлжлүүлэх санаа бий.

Бээжинд ажиллаж байхдаа Хубилай хааны байгуулсан Монголын Юань гүрний их нийслэл Дайду-Хаанбалгасын үлдэгдэл туурийг нэлээн судалсан. Энэ судалгааны үр дүнгээ нэгтгэж Элчин сайд Г.Батсүхийн хамтаар “Гүрний их нийслэл Дайду-Хаанбалгас” гэдэг ном хэвлүүлсэн.

зураг
 

Археологич др.Д.Эрдэнэбаатартай хамтран 2019 онд “Моодун хаан” гэдэг хоёр ангит уран сайхны киноны зохиол бичсэн. Миний “Их нүүдэл” гэдэг Хүннүгийн сэдэвт гурамсан түүхэн роман бий шүү дээ. Бас “Хүннүгийн түүх, соёл” гэдэг судалгааны бүтээл бий. Дэлгэцийн бүтээл болгохоор зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа бид хэд хамтран ажиллаж байсан. Харамсалтай нь Батрэгзэдмааг өнгөрснөөс хойш энэ ажил зогсоод байна.

“Монголын нууц товчоон”-ы түүхэн хувь заяаг өгүүлсэн “Алтан дэвтрийн эрэлд” гэдэг нэртэй кино зохиол бичсэн. Үүнийгээ Олон улсын Монгол судлалын холбооны удирдлага др. Д.Заяабаатар, “Чингис хаан” музейн захирал др.С.Чулуун гээд холбогдох хүмүүст танилцуулахаар бэлдэж байгаа. Өнөөдөр “Монголын нууц товчоон” судлал улам өргөжин гүнзгийрч, улам олон улс оронд түгэн хүрч, хүн төрөлхтөн мэддэг болж байна. “Монголын нууц товчоон” хэмээх энэ агуу бүтээлийг би “Монгол үндэстний Библи судар” гэж боддог. Ер нь ч тийм зорилгоор бичигдсэн бүтээл.

“Монголын нууц товчоон” хэмээх энэ агуу бүтээлийн хувь заяа гайхалтай. Хүнээр зүйрлэх юм бол бүхэл бүтэн роман, эмгэнэлт драма, адал явдалт кино болохуйц намтартай. 2028 онд “Монголын нууц товчоон” мэндэлсний 800 жилийн ой тохионо. Энэ ташрамд дурдахад өнөөдөр “Монголын нууц товчоон”-ыг 1240 онд бичигдсэн гэсэн албан ёсны үзэл дүгнэлт хэвээр байна. Хэрэг дээрээ энэ бүтээл 1240 онд биш, 1228 онд бичигдсэн юм шүү дээ.

зураг
 

Өнөөдөр дэлхийн монголч эрдэмтдийн хүрээнд дийлэнх нь тэгж үздэг болсон. Гэтэл албан ёсны он тоолол нь хуучнаараа буюу 1240 он гэсэн хэвээр байгааг засаж залруулах ёстой. Үүнийг төр засаг, Монгол судлалын байгууллагууд, эрдэмтэн мэргэд анхаарч нэг тийш болгоосой гэж уриалж байна. Хэдхэн жилийн дараа 2028 он болно. Бид Монгол үндэстний библи судрынхаа мэндэлсний 800 жилийн ойг 2040 онд биш, 2028 онд хийх ёстой.

Түүнчлэн “Монголын нууц товчооны шинэ судлал” нэртэй нэг ном бичиж байгаа. “Монголын нууц товчоон” бол судлаад дуусахгүй шавхагдашгүй их судлагдахуун. Энэ шинж чанараараа гайхамшигтай бүтээл. Ийм судалгааны обьект олон биш. Тийм ч учраас “Монголын нууц товчоон” судлал хэмээх нэгэн бие даасан судлал бий болж идэвхтэй хөгжиж байна. Олон улс орны эрдэмтэн судлаачид энэ зүгт амжилттай ажиллаж ирсэн, цаашид ч улам өргөжих болно. Үүнтэй холбогдуулан хэлэхэд, “Монголын нууц товчоон” судлалд оройлсон хэдэн улс байдгийн тэргүүнд Хятад улс орно. Хятадын, Өвөр Монголын судлаачдын “Монголын нууц товчоон”-ы талаар хийж ирсэн судалгаа анхдагч бөгөөд маш чухалд тооцогддог.

Гэтэл манайд өнөөдөр ч Хятад дахь “Монголын нууц товчоон” судлалыг төдийлөн анхаарч үзэхгүй хэвээр байна. Анхаардаггүй, ойшоодоггүй, үнэлдэггүй. Ийм гурван үг хэлмээр байна. Хятадын эрдэмтдийн судалгааны үр дүнг үзэлгүйгээр “Монголын нууц товчоон” судлал хөгжихгүй, шинэ шатанд гарахгүй шүү дээ. “Монголын нууц товчоон”-ыг тун саяхан буюу 1866 оноос хойш л дэлхий мэддэг болсон. Тэгвэл Хятад дахь “Монголын нууц товчоон” судлал бараг найман зууны тэртээгээс эхтэй. Тийм ээ, “Монголын нууц товчоон” мэндэлсэн тэр цаг үеэс их хоцролгүй Хятад дахь судалгаа нь эхэлсэн байдаг. Маш их юм байна. Тэр бүгдийг нь бид олж авч, орчуулж ашиглаж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах ёстой. Энэ бол цаг хугацаа шаардах нөр их ажил, гэхдээ бид өнөөдөр эхлэхгүй бол хойшлогдсоор, хоцорсоор байх болно.

- Маш сонирхолтой, маш чухал зүйлийг та ярьж байна. Нээрээ л бид асуудлыг гадарлах биш, доторлох, гүнд нь ярган орж судлах шаардлагатайг та хэлж байна гэж ойлгож байна?

- Тийм ээ, чухам үүнийг чинь л хэлж байна. Олон улс оронд Монголын түүх, соёлд холбогдох үнэт өв дурсгалууд өчнөөн бий. Тэр бүгдийг бид нэгбүрчлэн олж тогтоож, судалж сурвалжилж, хувь хуулбар авахын төлөө бид явах ёстой. 2007 оны үед шиг санагдаж байна. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа Хятадад айлчлах үеэрээ Бээжин хотын Төв номын санг үзсэн юм. Тэгээд тэнд яг юу юу үзүүлэхийг судалж бэлтгэхийг Элчин сайд Л.Амарсанаа надад даалгасан юм. Би хятад нөхдийн хамт явж тэнд хадгалагдаж байдаг “Монголын нууц товчоон”-ы хятад эхийг үзүүлэхээр бэлтгэсэн.

“Монголын нууц товчоон” бол Хятадын Мин улсын Юнлө хааны зарлигаар 1405-1408 оны хооронд эмхэтгэн барлаж хэвлэсэн “Юнлө хааны их нэвтэрхий толь” гэдэг дэлхийн түүхэнд урьд ч, хожид ч дахиж гараагүй аварга том судар шасдируудын эмхэтгэлд орсон байдаг юм. Тухайн үеэс өмнөх бүхий л цаг үед Хятадад бичигдэж хэвлэгдсэн мянга түмэн ном судруудаас сонгож эмхэтгэсэн маш том номын сан. Түүнд “Монголын нууц товчоон” орсон байдаг. Ерөнхий сайдад түүнийг үзүүлсэн. Нүдээр үзэж гараар барина гэдэг ховорхон завшаан. Гайхамшигтай гэхээс өөр юу гэхэв. Тэгэхэд Н.Энхбаяр “Бид ийм нэг Номын сантай болох юмсан. Яг хэд орчим төсөв хөрөнгөөр боссоныг нь асууж өгөөрэй” гэж байсан. Тэр үеэс Н.Энхбаярын санаачилгаар эхэлсэн шинэ Номын сангийн барилга олон жил баригдаж сая ашиглалтад орлоо шүү дээ.

2018 онд байх, Тайванийн Төв Номын санд хадгалагдаж байдаг “Монголын нууц товчоон”-ы 1747 оны бар хэвлэлээс маш өндөр технологиор хувь хуулбар авч манай Төв Номын санд залсан. Маш их зардалтай учраас ердөө хэдхэн хувийг хийж өгсөн юм. Тухайн үеийн Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд, тэгээд Төв Номын санд. Би өөртөө ч авч чадаагүй. Одоо дахиж хувь хуулбар хийлгэж авахаар ярьж байгаа. Тэр эхийн хуудасны хажуугийн зай болгонд тухайн үед уншиж судалж байсан хятад эрдэмтэн бичгийн хүмүүс өөрсдийнхөө санал бодол, үзэл сэтгэгдлийг тэмдэглэн бичсэн байдаг. Ийм тэмдэглэгээ, цохолбор, тайлбар маш үнэ цэнтэй. Одоогоос гурван зуун жил, мөн цаашлаад төчнөөн цаг хугацааны өмнөх баримт сэлт тэнд үлдсэн байгаа шүү дээ. Үүгээрээ гайхамшигтай өв дурсгал юм аа.

Тайванийн Төв Номын санд Монголын Юань улсын үед буюу 1340-өөд онд барлан хэвлэсэн “Очир огтлогч” судар хадгалагдаж байдаг. 2019 онд би санаачлан Тайванийн зүгээс МУИС-ийн Номын санд нэг мянга гаруй ном хэвлэл хандивлуулсан юм. Тэдгээр номын дотор энэ судар байсан. Дэлхийн анхны өнгөт бар хэвлэл гэж хэлж болох байх. Улаан, хар хоёр өнгөтэй. Хэдийгээр хятадын ард түмний соёлын үр шим, ололт бүтээл гэлээ ч, Монголын их гүрний цаг үед хамаарах утгаараа бидэнд үнэ цэнтэй байх нь дамжиггүй.

зураг
 

Бээжин хотод Бай-юнь-гуань буюу Цагаан үүлийн сүм гэж байдаг. Энэ бол 1222 онд Чингис хаан Хятадын даосын буюу монголоор Бумбын шашны их арш Чанчунь бумбатой уулзаад соёрхсон сүм. Өнөөг хүртэл маш сайхан хадгалагдаж ирсэн бүрэн бүтнээрээ байгаа өв дурсгал. Сүмийн архивт 1219 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөр огноолж Чанчунь аршийг урьсан Чингис хааны заллагын захидал хадгалагдаж байдаг. Яг эх нь биш, хувь хуулбар нь. Торго, муутуу цаасан дээр бичсэн, хэдэн метр ихээ урт хуйлаастай тэр захидлын эхэнд 1720-иод оны сүүлчээр Өвөр Монголын нэгэн ноёны бичсэн өмнөх үг бий.

Тэр сүмээр би олон очиж, лам нартай нь уулзаж танилцахад “Манай сүмд Чингис хааны захидал хадгалагдаж байгаа” гэхээр нь ихэд олзуурхаж шалсаар байгаад үзсэн юм. Тэгээд архиваас нь авчруулж ширээн дээр дэлгэж үзсэн. 2007 онд байх. Залуу ч байж, яарч байгаад сайн үзэж чадаагүй. Эхний тэр хэсгийг нь үзээд Манж чин улсын Найралт төв хааны үеийнх гэдгийг нь хараад баахан урам хугарч цааш нь үзэлгүй орхисон юм. Тэр эртний юмыг үзнэ гэж их санаж байгаад хожуу үеийн юм гараад ирэхээр тэр. Одоо амаа бариад байдаг. Өмнөх тайлбар нь тэр үеийнх болохоос, цаана нь аль ч үеийн, юу ч байсан юм билээ гэхээс өөрийгөө их зэмлэдэг. Гэхдээ хэзээ нэг цагт хятад нөхөд бидэнд дахин үзүүлж хувь хуулбар өгөх биз дээ.

- Гайхалтай. Та бид хоёр зөндөө ярилцлаа. Таны хийж буй ажил, үйлс, судалгаа, бүтээлийн талаар уншигчид тодорхой ойлголт авахуйц дэлгэрэнгүй ярилцлага болсон байх гэж найдаж байна. Харин ярилцлагаа “Алтан дэвтрийн эрэлд” гээд нэрлэчихвэл болох уу?

- Тэг тэг. Уншсан хүнд улам сайн ойлгогдоно биз. Манайд кино урлаг сэргэж байна, олон улсын тавцанд гарч байгаа гэж ярих болсон. Олон ч бүтээл хийгдэж байна. Энэ бүтээлээ бодит ажил болгочих санаа бий.

- За, баярлалаа. Дараа дахин уулзаж өөр олон сонирхолтой сэдвээр ярилцъя.

- Тэгье ээ. Баярлалаа.

 

Ярилцсан: Доктор Х.Баатархүү,

2024 оны долдугаар сарын 3-ны өдөр.