Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхий нийтэд нүүрсний эрэлт буурахын хэрээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч, ядуурал газар авах аюул байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Ногоон технологи-2024” өдөрлөг өнөөдөр төв талбайд эхэллээ. Өдөрлөгт гадаад, дотоодын 80 гаруй ААН, байгууллага оролцож эрчим хүчний хэмнэлттэй дулаалга, монгол гэрийн дулаалгын багц, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдал дахин боловсруулах технологи, цахилгаан зуух, халаагуур, сайжруулсан түлш, барилгын дулаалга, байгальд ээлтэй тээврийн хэрэгслийг танилцуулж байна.

Өдөрлөгийн нээлтийн үеэр гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, төлөөлөгч нар болон Дэлхийн банкны эдийн засагч үг хэлсэн юм. 

Уур амьсгалын өөрчлөлтийн Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөөний талаар Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Хосе Лүиз Диаз Санчез "Уур амьсгалын өөрчлөлт эх дэлхийд тулгарч буй хамгийн том аюул болсон. Зөвхөн эдийн засаг бус бидний эрүүл мэнд, амьдралыг эрсдэлд оруулж нөлөө үзүүлж байгаа юм.

Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө зөвхөн байгалийн хүчин зүйл талаас биш, давхар дэлхийн улс орнуудын эдийн засаг нүүрстөрөгчийн ялгарал багатай загвар руу шилжиж байгаа нь илүү нөлөөлнө.

Өөрөөр хэлбэл Монгол Улс ирээдүйд эдийн засгаа уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байлгахаас гадна нүүрснээс хамааралтай эдийн засгийн загвараа өөрчлөх шаардлага гарч байна гэсэн үг.

Бидний хувьд эдгээрийг сорилт гэж үзэж байгаа ч нөгөө талаасаа бидэнд томоохон боломжуудыг бий болгож байна гэж харж байгаа. Монгол Улсад тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх, агаарын бохирдлоо бууруулах, нүүдэлчин соёлоо хамгаалахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах ногоон технологи бүхий шинэ салбаруудыг хөгжүүлэх боломжууд байна гэж харж байна.

Сүүлийн үед Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн томоохон илрэл нь зуд болон үер усны аюулууд нэмэгдэж байгаа. Ирээдүйд эдгээр нь илүү их давтамжтай тохиолдох, хохирлын хэмжээ өндөр байх тооцоолол байна.

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл дийлэнх нь нүүрснээс хамааралтай. Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор улс орнууд нүүрсний хэрэглээгээ багасгаж, өөр шийдлүүдийг хайж байгаа. Тиймээс Монгол Улс нүүрснээс хамааралтай эдийн засгийн салбараа өөрчилж төрөлжүүлэхгүй бол дэлхий нийтээр нүүрсний эрэлт буурахын хэрээр эдийн засгийн өсөлт саарч, ядуурал газар авах аюул байна. Эдгээр асуудлыг шийдэх боломжтой. Бодлогын арга хэмжээгээр үр дүн гаргаж болно. Гэхдээ бодлогын арга хэмжээ юу байх талаар нарийвчилж яримааргүй байна. Энэ талаар Дэлхийн банкнаас хийсэн "Уур амьсгалын өөрчлөлт болон хөгжил" судалгааны тайланд дараа сард оруулсан байх болно.

Дэлхийн банкийг судалгаа хийгээд сууж байдаг байгууллага гэж ойлгож болохгүй. Бид нэлээдгүй хөрөнгө оруулалтын арга хэмжээг хэрэгжүүлдэг. Жишээ нь "Монгол Улсад мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах" төслийг хэрэгжүүлж, ногоон технологийг нэвтрүүлэхээр томоохон хөрөнгө оруулалтыг хийж байгаа.

Монгол Улс хөгжлийн хувьд эгзэгтэй уулзвар цэгт хүрч ирсэн байна гэж харж байгаа. Бид цаг алдалгүй зоримог шийдвэрийг хэрэгжүүлж уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн асуудалд тэсвэртэй болгох, эдийн засгийн загварыг өөрчлөх, нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжүүлэхэд томоохон үр дүн гаргаж чадна" гэж ярилаа.

“Ногоон технологи-2024” өдөрлөг маргааш буюу есдүгээр сарын 19-нд үргэлжилнэ.