Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Малчид зудыг хохирол багатай даван туулах шийдэл бол даатгал...

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 9 сарын 16
ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Малын индексжүүлсэн даатгал болон гамшгийн эрсдэлийн даатгалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Сангийн Яамны байранд өнгөрсөн Баасан гарагт зохион байгуулагдав. 

Өнгөрсөн хугацаанд гурван удаагийн давтамжтайгаар нийт 29 сая мал хорогдож, их хэмжээний хөрөнгө алдсан. 

  • 2000 оны зудаар 11 сая 
  • 2010 оны зудаар 10 сая 
  • Өнгөрсөн оны зудад найман сая малаа алдсан тоон мэдээлэл бий. 

Тодруулбал "64.6 сая толгой мал 16.2 их наяд төгрөгийн үнэлгээтэй байгаа" талаар "Үндэсний давхар даатгал" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант илтгэлдээ дурдаж байсан юм. 

Ган зудаас үүдэлтэй сөрөг үр дагавраас малчид урьдчилан сэргийлэх чухал алхмын нэг бол даатгалын систем.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах дараах саналуудыг холбогдох албаны төлөөллүүд хэлж байсан юм. 

"Яагаад малчид даатгуулахгүй байна вэ?"



ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн дараах саналыг дэвшүүлж байлаа. 

Тэрбээр "Зудын хохирол жил ирэх тусам нэмэгдэж байна. 

Мэргэжлийн гамшгаас хамгаалах байгууллагын хувьд даатгалын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. 2025, 2026 оны зуд ямар байх вэ? гэдгийг харвал нийтлэг шинж тэмдэг ажиглагддаг.

Зудын нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл хохирлын хэмжээ 23 сая орчимд хүрэх эрсдэл байна. Эрт сэрэмжлүүлэх арга хэмжээг бүх аймаг, сумын түвшинд зохион байгуулж байна. 

Малчдад урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэсэн ч "салхи шуурга боллоо" гэх мэтчилэн шалтгаанаар нүүгээд явчихдаг. Түүнчлэн асуудалд хандахдаа хадлан, тэжээлийн бэлтгэлээ л ярьдаг. 

  • Яагаад малчид даатгуулахгүй байна вэ? 
  • Хүртээмжээ хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ?

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрт сэрэмжлүүлэг зэргийг сан эсвэл гамшгийн даатгалын санхүүжилтийн хүрээнд шийдвэл маш үр дүнтэй" хэмээв. 

"Даатгалын үр шимийг нэмэгдүүлэхийн тулд нөхөн төлбөрийн тодорхой хувийг урьдчилж өгөх санал байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монголын даатгалын холбоо"-ны ерөнхийлөгч Т.Батзул хэлэхдээ "Малын индексжүүлсэн даатгалын хуульд даатгалын босго үнэлгээг хатуу зааж өгсөн байдаг. Үүнийг тодорхой хугацааны давтамжтайгаар тогтоож, шинэчлэх саналууд бий. 

Зах зээлийн өртөгт нийцүүлэн даатгал хийвэл дараа нь малчдад хүртээмжтэй, эргээд амьжиргаагаа сэргээхэд дөхөмтэй байх болов уу.

Монгол Улсын Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байх тухай заасан байдаг. Энэхүү үүргийг Засгийн газар биелүүлж, Малын эрсдэлийн алдагдлаас хамгаалах сан шавхагдсан тохиолдолд Засгийн газар буцааж нөхөх үүргийг хүлээх тухай заалтыг сэргээж оруулах ёстой гэсэн саналууд яригдлаа.

Гамшгаас урьдчилан сэргийлэх боломж ОБЕГ, Цаг уурын эрдэм шинжилгээний газарт байдаг юм байна.

Ирээдүйд гарч болзошгүй хорогдлыг бууруулахын тулд энэ чиглэлд санхүүжилтийг сайн олговол эрсдэл гарсан хойно харамсах бус өмнө нь арга хэмжээ авч, малчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлд ажиллах нь зүйтэй.

Хүртээмжтэй байдал, хамрагдалтыг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ? гэдэг чиглэлд саналуудаа ярилаа.

Малчдын хамрагдалт сайн байснаар даатгалын сан тэлнэ. Ирээдүйд жил бүр зуд давтагдах аюултай учир зудыг давах эрсдэлийн сан улам томрох юм. Малчдын хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай.

Хагас жилийн тооллогоор хохирлын хэмжээг тогтоохоор хуульчилсан байгаа нь зөв. Даатгалын үр шимийг нэмэгдүүлэхийн тулд нөхөн төлбөрийн тодорхой хувийг урьдчилж өгөх асуудал дэвшүүлж ярилаа. Хэрвээ энэ саналыг хуульчилж өгвөл даатгалын мэргэжлийн байгууллага тодорхой дүрэм процессуудыг тодорхойлж өөрчлөх боломжтой" гэлээ. 

"Уур амьсгалын өөрчлөлтийг урьдчилан тооцоолох олон янзын арга хэрэгсэл шинжлэх ухааны түвшинд нэвтэрсэн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Үндэсний давхар даатгал" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант "Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль 2014 онд батлагдсанаар бид даатгалын долоон компанитай хамтран даатгалын бүтээгдэхүүнийг орон даяар хэрэгжүүлж байна. 

Хууль батлагдаж байх үед Монгол Улс 40 гаруй сая малтай байлаа. Харин одоо 64 сая малтай. Энэ хэмжээгээр уур амьсгалын өөрчлөлт болон бэлчээрийн даацтай холбоотойгоор ган зудын давтамж ойртчихлоо.

Энэ нөхцөлд

  • Даатгалын хүртээмж, даатгалын хууль тогтоомж хэрхэн яаж өөрчлөгдөх вэ?
  • Үүнтэйгээ яаж дасан зохицож, хүртээмжийг илүү нэмэгдүүлэх вэ? гэдэг асуулт үүсэж байна. 

Сүүлийн 60 жилийн хугацааны статистик тоон мэдээлэлд тулгуурлаж, малын хорогдлын босго үзүүлэлтийг зургаан хувь гэж хуульд заасан. Гэтэл зарим аймгийн түвшинд хорогдлын хувь түүнээс бага эсвэл илүү ч гарч болно.

Үүнийг хуулиар хязгаарлаж өгөхөөр босго үзүүлэлтийн өөрчлөх боломж хомс болж байгаа юм. Хуулиар биш Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамны хамтарсан журмаар босго үзүүлэлтийг тогтоодог болчихвол илүү уян хатан хэлбэрээр босго оноог тогтоох замаар даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм байна" гэв. 

Мөн тэрбээр "Одоогийн хуульд нөхөн төлбөрийг хэсэгчилж олгохыг хориглоно гэх хуулийн заалт бий. Энэ бол үндсэн даатгалын бүтээгдэхүүний онцлогоос хамааран бий болсон хуулийн зохицуулалт. Өөрөөр хэлбэл хагас жилийн мал тооллогын дүн малын хорогдлын тоог үндэслэн нөхөн төлбөрийн тооцоолол гардаг. Хагас жилийн мал тооллогоос өмнө малын хорогдлыг хэмжих боломжгүй.

Сүүлийн үед шинжлэх ухаан хөгжиж байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт ч анхаарахуйц асуудал болж буй. Ийм цаг үед шинжлэх ухааны ололт амжилтыг илүү нэвтрүүлэх үүднээс нөхөн төлбөрийг урьдчилж олгох боломж бололцоог хуулийн дагуу нээж өгье.

Уур амьсгалын өөрчлөлтийг урьдчилан тооцоолох олон янзын арга хэрэгсэл шинжлэх ухааны түвшинд нэвтэрсэн. Үүнийг хуульдаа тусгаж, малын даатгалын системд нэвтрүүлье.

Нөхөн төлбөрийг хэсэгчилж олгохыг хориглоно гэдэг заалтыг “хэсэгчилж олгож болно” гэж нэмэлт өөрчлөлт оруулчихвал малчдад даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх боломж нээгдэнэ.

Одоогийн системээр зуд өвөл, хавар болоод өнгөрчихсөн. Бид нөхөн төлбөрийг нь намар өгч байгаа. Өөрөөр хэлбэл гамшгийн хариу үйлдэл үзүүлэх хугацаанаас нь хойш болчхож байгаа юм.

Нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилж олгоход даатгалын хүртээмж нэмэгдэж, даатгуулагчдын даатгалын үр шимийг хүртэх сэтгэл ханамж дээшилнэ. Улмаар даатгалд хамрагдах сонирхол нэмэгдэхийг олон улсын шинжээч, экспертүүд зөвлөж байна" хэмээв.