Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Бумчимэг: Ирэх онуудад төсөл хөтөлбөр их хэрэгжинэ. Хувийн хэвшил хамтарч ажиллахдаа төсвийн эрсдэлийг бодолцох нь зүйтэй

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Банкны салбарын эхний хагас жилийн тойм судалгааг Монголын Банкны Холбоо(МБХ) өнөөдөр танилцуулав. 

2025 оны төсвийн төсөл өргөн баригдаж, хэлэлцэгдэх гэж буй энэ үед банкны салбарынхан тоймоо "Зуны сар зургаа биш дээ" хэмээн нэрлэжээ. Учир нь нүүрс болон бусад түүхий эдийн үнэ өссөн энэ таатай үе удаан үргэлжлэхгүй байж магад тул сэрэмжлэх хэрэгтэйг уг нэрээрээ сануулсан байна.

Банк санхүүгийн академийн захирал Г.Бумчимэг "Монголын Улсын эдийн засаг 2024 оны эхний хагас жилд 5.6 хувиар өссөн. Энэ нь өндөр үзүүлэлт. Хөдөө аж ахуйн салбар л нэлээд уналттай байсан. Хэрэв тус салбар өмнөх он шигээ байсан бол эдийн засаг бараг 8 хувь руу орох байв. Эдийн засаг халалттай байлаа гэхэд болохоор байна. 

Эхний хагас жилд эдийн засгийн өсөлтөд нөлөө үзүүлсэн салбар нь уул уурхай. Нүүрсний экспорт эхний хагас жилд 40 сая тонн болсон. Мөн үйлчилгээний салбар тэр дундаа тээвэр, нийтийн хоолны салбар нэлээд өндөр өссөн" гэсэн юм. 

Гэхдээ эдийн засаг өсөөд таатай нөхцөл байдал үүссэн ч сэрэмжлэх асуудал бийг тэрбээр мөн тодотгосон. Эдийн засагч Г.Бумчимэг "Нүүрсний экспорт өсөж, 7.9 тэрбум ам.долларт хүрсэн ч үйлчилгээ түүнээс өндөр хувиар нэмэгдсэнээр урсгал тэнцэл алдагдалтай болж байна. Сүүлийн хоёр улирал дараалан урсгал тэнцэл алдагдалтай болсон. Өөрөөр хэлбэл бид нар экспортлохоосоо илүү импортолж байгаа дүр зурагтай байна. 

Валютын нөөц өссөн ч төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байвал нөөц буурна. Эхний хагас жилд төсвийн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарсан. Үүнтэй зэрэгцээд саяхан төсвийн тодотголын баталлаа. Өнгөрсөн онд төсвийн орлого 24 их наяд төгрөг байсан бол энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 30 их наяд төгрөг болж өсөж байна. 6 их наядаар төсвийн орлогыг өсгөж байгаа нь маш өндөр дүн. 

Өнгөрсөн онд зөвхөн нүүрснээс гэхэд Засгийн газар 4.7 их наяд төгрөг олсон бол энэ жил бүр ихийг олохоор төсөвлөлөө. 10, 20 хувиар тасрахад л төсвийн орлого хүндрэлтэй болохоор байна. Төсөв ба Дотоодын Нийт Бүтээгдэхүүний харьцааг харахад зардал нь 40 хувь руу дөхсөн. Энэ нь Монгол Улсад нийт зарцуулж буй эцсийн хэрэглээний 40 хувийг төсөв дангаараа мэдэж байна гэсэн үг. 

Ирэх онуудын төсвийг нэлээд өөдрөгөөр төсөөлсөн. Төсөл хөтөлбөр их хэрэгжинэ. Хувийн хэвшил хамтарч ажиллахдаа төсвийн эрсдэлийг бодолцох нь зүйтэй" хэмээв.

https://www.facebook.com/MongolianBankersAssociation/videos/3315279898781307