Эрүүгийн цагдаагийн алба болон Мөрдөн байцаах алба хамтран "Хянамгай байя" аяныг улсын хэмжээнд зохион байгуулах талаар мэдээлэл хийв.
Энэ үеэр цахим залилангийн улмаас хохирч буй иргэдийн ашиг сонирхол, гарч явсан мөнгийг хэрхэн царцаах талаарх мэдээллийг Эрүүгийн Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Шуурхай ажиллагааны хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Болортуяа өглөө.
Тэрбээр "Манай улс 3.6 сая орчим иргэнтэй. Тэдний 90 орчим хувь нь цахим хэрэглээнд нэвтэрсэн. Үүнийг дагаад сүүлийн үед цахим залилангийн гэмт хэрэг их бүртгэгдэж байна.
Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэгт олон оролцогч байгаа мэт боловч үүний цаана нэг хүн зохион байгуулалттайгаар иргэдийн мөнгийг залилж байдаг. Мөн таны гэр бүл, найз нөхөд дунд утас, таблетад их цаг хугацаа зарцуулж байвал юунд илүү цаг гаргаж байгааг нь хянаж байх хэрэгтэй. Түүнчлэн хувийн мэдээллээ бусдад өгч, дансаа ашиглуулснаар тухайн гэмт хэргийн оролцогч болж буйг анхаарах хэрэгтэй.
Мөрийтэй тоглоом зохион байгуулдаг хүмүүс түрээсийн орон сууц, зочид буудлын өрөө хөлсөлж гэмт хэргээ үйлддэг тул хэнд орон байраа түрээслүүлж буйг нягтлах шаардлага байна.
Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдийг зөрчлийн тухай хуулийн дагуу 100,000 төгрөгөөр торгох эсхүл ашигласан төхөөрөмжийг нь улсын орлого болгох арга хэмжээ авдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!