Уншиж байна ...

Оросын дуунаас хурдан зэвсгийг зохион бүтээсэн эрдэмтдийн нэг эх орноосоо урвасан хэргээр 15 жилийн хорих ял сонсов

Т.Давааням, ikon.mn
2024 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Дуунаас хурдан зэвсгийн технологийг зохион бүтээхэд оролцсон физикч өчигдөр Оросын шүүхээс 15 жилийн хорих ял сонсжээ.

Мягмар гарагт хаалттай болсон хурлаар Москва хотын шүүх Александр Шиплюкийг эх орноосоо урвасан хэрэгт буруутгаж, хорих ялаас гадна 500,000 рублийн ($5,650) торгууль, суллагдсаны дараа дахин 1.5 жил хяналтад байх шийтгэл оноосон байна.

Шиплюк нь Новосибирск хотын Онолын болон Хэрэглээний Механикийн Христиановичийн Хүрээлэнг удирдаж байжээ.

Түүнийг дуунаас хурдан зэвсгийн технологийн нууц мэдээллийг гадаад орны засгийн газрын төлөөлөгчид дамжуулсан хэрэг үйлдсэн гэж Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Дуунаас хурдан зэвсэг нь агаарт дуу тархах хурднаас арав хүртэл дахин өндөр хурдаар нисдэг тул агаарын довтолгооноос хамгаалах системийг нэвтлэх чадвартай байдаг.

Шиплюкийг 2017 онд Хятадад болсон шинжлэх ухааны хуралд оролцохдоо нууц мэдээлэл дамжуулсан гэж зарим эх сурвалж мэдээлж байна.

Тэрбээр 2022 оноос хойш Москвагийн алдарт Лефортовогийн шоронд хоригдож байжээ.

Сүүлийн жилүүдэд Оросын арав гаруй эрдэмтэн эх орноосоо урвасан хэрэгт холбогдоод байгаа.

Тэдгээрийн дотор Шиплюктэй хамт ажиллаж байсан хэд хэдэн хүн бий.

Тухайлбал Шиплюкийн хамтран зүтгэгч 78 настай Анатолий Маслов энэ оны тавдугаар сард эх орноосоо урвасан хэргээр 14 жилийн хорих ял сонссон юм.

Орос улс өөрийгөө дуунаас хурдан зэвсгийн технологиор дэлхийд тэргүүлэгч болсон гэж үздэг.

Тус улс ийм зэвсгээ хөрш Украины эсрэг дайнд хэд хэдэн удаа ашиглаад байгаа. 2022 онд Украины дайн эхэлсний дараа Оросын эрх баригчид батлан хамгаалах салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүдээ сэжиглэх, баривчлах явдал улам эрчимжсэн юм.

 

Эх сурвалж: Reuters