Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

СУДЛААЧИЙН ҮГ: “Путинийг Монголд баривчлахгүй нь бараг тодорхой. Гэхдээ үр дагавар нь маш сонирхолтой байна”

Т.Давааням, ikon.mn
2024 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт Монгол улсад айлчлах тов гарсан нь дэлхий нийтийн анхаарлын төв ороод байна.

Учир нь 2023 оны гуравдугаар сард Хааг хотод төвтэй Олон Улсын Эрүүгийн Шүүх (ОУЭШ) дайны гэмт хэрэгтэй холбогдуулан түүнийг баривчлах захирамж гаргасан юм.

Ингэснээр Ромын Дүрэмд нэгдсэн тус шүүхийн гишүүн орнууд Путинийг газар нутагт нь ирвэл баривчлах үүрэг хүлээж байгаа.

ОУЭШ болон Оросын эзлэн түрэмгийлэлд өртсөн Украин улсын гадаад хэргийн яам Путинийг баривчлахыг Монголын эрх баригчдад уриалаад байна.

Харин Кремлийн хэвлэлийн алба Монголын талтай сайтар ярилцаж тохиролцсон тул баривчлах аюул байхгүйг мэдэгдсэн юм.

Монгол улс нь ОУЭШ-ийн гишүүн орон бол ОХУ нь 2000 онд Ромын Дүрмийг баталсан ч 2016 онд буцаан цуцалж байжээ.

Өөрийг нь баривчлах захирамж гарснаас хойш Путин анх удаа ОУЭШ-ийн гишүүн оронд айлчлах гэж байна.

Өнгөрсөн оны наймдугаар сард мөн гишүүн орон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад (ӨАБНУ) зохион байгуулагдсан БРИКС-ийн дээд чуулганд оролцохоор төлөвлөж байсан ч хэдэн сарын турш үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд айлчлалаа цуцалж байв.

Монголд хийх айлчлалын үеэр юу болох талаар Бизнес Инсайдер сайт олон улсын харилцааны мэргэжилтнээс тодруулжээ.

Оксфордын их сургуулийн Этик, Хууль эрх зүй, Зэвсэгт Мөргөлдөөний Хүрээлэнгийн судлаач Талита Диас “Мэдээж, Монгол улс түүнийг хэзээ ч баривчлахгүй. Баривчлаагүй гээд ноцтой үр дагавар ч гарахгүй байх” гэж ярьсан байна.

Учир нь ОУЭШ өөрийн шийдвэрийг хэрэгжүүлэх механизмгүй байгууллага тул ингэхэд маш хэцүүг тэр тайлбарлажээ.

“Шийдвэрээ хэрэгжүүлэх хүчгүй байгууллагын хувьд улс хоорондын орон зайд ажиллахад маш хэцүү” гэж Диас хэлсэн байна.

Өмнө нь үүнтэй ижил нэг л тохиолдол гарч байжээ. ОУЭШ-ийн баривчлах захирамжтай Суданы ерөнхийлөгч Омар аль-Башир 2015 онд мөн шүүхийн гишүүн орон болох ӨАБНУ-д айлчлахад баривчлалгүй өнгөрч байжээ.

Тухайн үед уг асуудалд НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөл оролцсон нь асуудлыг хурцатгаж байсныг Диас тайлбарласан байна.

Харин өнөөдрийн тохиолдолд Орос улс нь НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлийн байнгын гишүүн таван улсын нэг тул асуудал өмнөх шигээ газар авахгүй гэж тэр үзэж байна.

“Баривчлаагүйнх нь төлөө ОУЭШ дээр шүүх ажиллагаа явагдах байх. Эндээс Монгол улс Ромын Дүрмийг зөрчсөн гэх дүгнэлт гарах байх. Магадгүй зарим нэг улс Монголд хориг тавих байх. Тэгээд л дуусна гэж би бодож байна. Яг юу болох нь миний сонирхлыг маш их татаж байна” гэж Диас ярьжээ.

ОУЭШ-ийн гишүүн орнуудаас өмнө нь Унгар, Армени улсууд хэрвээ Путин нутаг дэвсгэрт нь айлчлан ирвэл баривчлахгүйгээ мэдэгдэж байсан юм.

 

Эх сурвалж: Business Insider