ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британид үндсэрхэг үзэлтнүүд дүрвэгчдийн байрладаг зочид буудалд халдав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Их Британийн Ротерхэм хотын “Holiday Inn Express” зочид буудалд 700 орчим хүн халдаж, гал түймэр тавьж, цонх хагалах зэргээр танхайрчээ.

Уг зочид буудал тус улсаас орогнол хүссэн цагаачдыг байрлуулдаг газар юм байна.

Өчигдөр бас Миддлсбороу, Болтон, Халл, Веймут зэрэг олон хотод ижил төстэй үймээн гарсны улмаас цагдаагийн хүчийг дайчилжээ.

Өнгөрсөн долоо хоногт Соутпорт хотын бүжгийн дугуйланд хутгаар зэвсэглэсэн этгээд халдаж, бага насны гурван охины амийг хөнөөсөн юм. Энэ аллагын дараа Британи даяар гаднын цагаачдын эсрэг, тэр дундаа муслим цагаачдын эсрэг хүчирхийлэл дэгдээд байна.

зураг
 

Ротерхэмийн зочид буудалд гарсан халдлагын дараа Их Британийн ерөнхий сайд Кир Стармер хүчирхийллийг буруушаасан мэдэгдэл гаргажээ.

Тэрбээр “хэт барууны дээрэмчдийн эсрэг” хуулиар олгогдсон бүх хүчээ дайчлан тэмцэхээ амласан байна.

“Энэ улсын ард иргэд аюулгүй амьдрах эрхтэй боловч бид муслим хүн ам, Исламын сүм хийдүүд халдлагад өртөж байгааг харж байна. Бусад хүн амын цөөнхийг гадуурхаж, гудамжинд нацист ёсолгоо үйлдэх, цагдаа нар руу дайрах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг хэллэг ашиглах зэрэг ёс бус үйлдэл гаргаж байна. Тиймээс би энэ этгээдүүдийг хэт барууны дээрэмчид гэж нэрлэхээс өөр арга алга” гэж Стармер мэдэгджээ.

Уг үймээн самуунтай холбоотой Бямба гарагаас хойш 147 хүн баривчлагдсаныг Британийн дотоод хэргийн яам мэдээлсэн байна.

Өчигдөр Ротерхэмд болсон мөргөлдөөний үеэр арван цагдаагийн ажилтан бэртсэний нэг нь ухаангүй эмнэлэгт хүргэгдсэнийг Өмнөд Йоркширын цагдаагийн алба мэдээлжээ. Халдлагын үеэр буудалд байрлаж байсан хүмүүс хохирсон тохиолдол буртгэгдээгүй байна.

Ням гарагт Стаффордшир гүнлэгийн Тэмворт хотын бас нэг зочид буудал халдлагад өртсөн байна.

Болтон хотод цагаачдын эсрэг жагсаалд оролцсон хүмүүстэй нүүрэндээ баг зүүсэн 300 орчим хүнтэй бүлэг тулгарсан тухай орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Тэд “Аллах Акбар” хэмээн хашхиралдаж байсныг гэрчүүд баталсан байна.

Үүнтэй холбоотойгоор Манчестерын цагдаагийн алба тус хотод олон нийтийн газарт нүүрээ нууж, халхалж явахыг хориглох түр арга хэмжээ авчээ.

Уг арга хэмжээ Ням гарагийн 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
51 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг