Канадын поп од дуучин Селин Дион "Парис 2024" олимпын нээлтэд оролцохоор болсныг variety цахим хуудас мэдээллээ.
Өдгөө 56 настай поп дуучин 2022 оны арванхоёрдугаар сард "Stiff Person Syndrome" хэмээх мэдрэлийн ховор эмгэгтэй болсноо зарласан. Үүнээс болж аялан тоглолтоо цуцлахад хүрсэн канад дуучин олны өмнө нэг их олон гараагүй юм.
Гэхдээ өнгөрсөн дөрөвдүгээр сард Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа уран бүтээлдээ эргэн ирэхээр төлөвлөж байгаагаа онцолж байв.
Тэгвэл өнгөрсөн Даваа гарагт С.Дион Францын нийслэл Парист ирсэн гэнэ. Түүнийг нээлтийн ёслолд оролцох дуучин Лэди Гагагийн байрлаж буй буудалд буусан гэж мэдээлжээ.
Одоогоор С.Дион ямар уран бүтээлээ олимпын нээлтэд толилуулах нь тодорхойгүй байна.
Энэ удаагийн олимпын нээлтэд 3,500 орчим уран бүтээлч оролцохоор төлөвлөж буй юм. Дуучин С.Дион өмнө нь 1996 оны Атлантагийн олимпын нээлтэд “The Power of the Dream” дуугаар оролцож байв. Тус олимпын нээлтийн үйл ажиллагааг 3.5 тэрбум хүн шууд үзсэн нь одоог хүртэл дээд амжилтаар бүртгэгддэг билээ.
Эх сурвалж: Variety
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!