Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

OpenAI хямд үнэ, бага хэмжээтэй GPT-4o mini загварыг танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хиймэл оюуны ChatGPT платформыг хөгжүүлэгч OpenAI компани өчигдөр илүү өргөн зах зээлийг эзлэх зорилгоор эрчим хүч бага хэрэглэдэг, хямд үнэтэй, бага хэмжээтэй GPT-4o mini загвараа танилцуулжээ.

Уг загвар нь стартап компаниудад хямд өртгөөр богино хугацаанд хиймэл оюуны технологид суурилсан аппликэйшн хөгжүүлэх боломж олгож байгаа юм байна.

Үнэ тарифын хувьд нэг сая оролтын токен 15 цент, нэг сая гаралтын токен 60 центийн үнэлгээтэй байх ажээ.

Энэ нь GPT-3.5 Turbo загварын үнээс 60 гаруй хувиар хямд болохыг OpenAI мэдээлсэн байна.

Шинэ загвар нь чатын чадавхаар GPT-4 загварыг давж, 82 хувийн MMLU (Massive Multitask Language Understanding) үзүүлэлттэй ажиллаж буйг OpenAI бас мэдээлжээ.

MMLU нь хэлний загваруудын ойлгох чадварыг үнэлдэг хэмжүүр юм.

Харьцуулбал Google-ийн Gemini Flash загвар 77.9 хувь, Anthropic-ийн Claude Haiku загвар 73.8 хувийн MMLU-тай юм байна.

Мини загвар одоогоор зөвхөн текст мэдээлэлтэй ажиллах ба цаашдаа зураг, дүрс, дуу хоолойтой ажилладаг болох гэнэ.

ChatGPT платформын Free, Plus, Team ангиллын хэрэглэгчид 2023 оны аравдугаар сарыг хүртэлх хугацааны мэдлэгтэй GPT-4o mini загварыг өчигдөр буюу Пүрэв гарагаас эхлэн GPT-3.5 Turbo загварын оронд ашиглах боломжтой болжээ.

Харин байгууллагын хэрэглэгчдэд ирэх долоо хоногоос эхлэн нээгдэх юм байна.

 

Эх сурвалж: Reuters