Хөдөө аж ахуйн фермд боолын хөдөлмөр эрхэлж байсан Энэтхэгийн 33 иргэнийг чөлөөлснөө Италийн цагдаагийн байгууллага өчигдөр мэдээлжээ.
Тэд нутаг нэгтнүүдийнхээ өндөр цалинтай ажил олж өгөх амлалтад хууртагдан Италид ирсэн юм байна.
Гэвч гэмт хэрэгтнүүд Италид цагаачлан ирэхэд гарсан зардлыг нь төлүүлэхээр тэднийг долоо хоногийн долоон өдөр, өдөр бүр 10 гаруй цаг албадан ажиллуулах болжээ.
Цагдаа нар Энэтхэгийн иргэдийг боолчилж байсан хоёр эрэгтэйг баривчилж, тэднээс $545,300 орчим бэлэн мөнгө хураасан байна.
Гадаадын төдийгүй Италийн иргэдийг хөдөө аж ахуйн салбарт албадан хөдөлмөр эрхлүүлэх явдал түгээмэл байдаг.
Хэдэн мянган хүн тариан талбай, усан үзмийн тариалан, ногооны хүлэмжид маш хүнд хэцүү нөхцөлд, хөдөлмөрийн гэрээгүй ажилладаг гэсэн тоо бий.
Дөнгөж өнгөрсөн сард жимс хураах үүрэгтэй ажиллаж байсан Энэтхэгээс ирсэн цагаач машинд гараа тастуулсны дараа амиа алдаж байв.
Уг ажилчны цогцсыг замын хажууд хаясан байжээ.
Одоо түүнийг ажиллуулж байсан фермийн эсрэг хүн амины хэрэг үүсгэн шалгаж байгаа.
Верона мужийн фермд ажиллаж байгаад чөлөөлөгдсөн 33 ажилчин Италийн хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахын тулд зуучлагчид тус бүр 1.5 сая рупи ($18,554) төлсөн байжээ.
Тэд энэ мөнгийг өөрсдөө гаргах боломжгүй тул зуучлагчаас зээлсэн байна.
Энэ өрөө төлөхийн тулд тэд цагийн 4 еврогийн үнэлгээтэй ажиллаж байжээ. Зуучлагчид тэднийг Италид ирсний дараа ариун цэврийн шаардлага хангаагүй тусгай байранд хорьж, паспортуудыг нь хураасныг цагдаа нар тогтоосон байна.
Италийн цагдаагийн байгууллага Энэтхэгээс ирсэн ажилчдад паспортыг нь буцаан олгож, хууль ёсны ажил хөдөлмөр олж эрхлэхэд нь тусалжээ.
2018 оны байдлаар Италийн хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын дөрөвний нэг орчим нь ийм дундын зуучлалын системийн дагуу албадан хөдөлмөр эрхэлж байсныг албаны тоо баримт харуулж байна.
Хөдөө аж ахуйгаас гадна барилга, үйлчилгээний салбаруудад ийм арга түгээмэл хэрэглэгддэг ажээ.
2016 онд Италийн иргэн эмэгтэй өдрийн 27 еврогийн хөлсөөр усан үзэм ялгах 12 цагийн ээлжийн ажил эрхэлж байгаад зүрхний шигдээсээр нас барсан юм. Энэ явдлын дараа “капоралато” гэгддэг хөдөлмөр зуучлалын системийг Италийн эрх баригчид хориглох болжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!