Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Тэмүүжин: Түгжрэлийг бууруулах асуудлаар нэг их наяд төгрөг зарцууллаа. Ямар ч үр дүнд хүрсэнгүй

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монгол такси" компанийн дэд захирал, зам тээврийн судлаач Э.Тэмүүжин өнөөдөр Сүхбаатарын талбай дээр мэдээлэл хийлээ. Тэрбээр гурван асуудлаар сэтгүүлчдэд хандсанаа онцолсон.

Тодруулбал Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг нэг сарын дотор 40 хувь хүртэл бууруулах, такси компанийн монопол үүссэн талаар болон тодорхой албан тушаалтнуудыг түгжрэлийн асуудлаар мэтгэлцээнд дуудаж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэрбээр "Улаанбаатар хотын өнөөгийн түгжрэлийн гол шалтгаан бол "халтуурчид" буюу хувь такси үйлчилгээ эрхэлдэг хүмүүс. Энэ хүмүүсийг тодорхой хуваарийн дагуу явуулаад үнэ ханшийг нь тогтоогоод өгчихвөл авто замын түгжрэл 40 хувь буурах боломжтой. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн нэг төрөл болох такси үйлчилгээг дэмжсэнээр хотын түгжрэлийг богино хугацаанд багасгах боломж бий.

Хоёр дахь асуудал нь манай салбарт үүсэж буй асуудал. Нийслэлийн нийтийн тээвэртэй байгуулсан гэрээний 4.2.1 зааснаар бол такси үйлчилгээнд явах автомашины үйлдвэрлэсэн насжилт 10 жилээс хэтрэхгүй, зөв талдаа жолооны хүрдтэй, такси стандарт шаардлага хангасан автомашиныг үйлчилгээнд нэвтрүүлэхээр шаарддаг. Хэрвээ бид нэг ширхэг буруу талдаа жолооны хүрдтэй автомашинаар таксинд явбал бидний эрхийг шууд хасна.

Энэ гэрээний 4.2.5-д нийтийн тээврийн үйлчилгээний хөлсийг тодорхой заасан байдаг. Автобус 500, такси нэг км нь 1,000 төгрөг гэж байгаа. Бид нар энэ үнээс хэтрүүлж явж болохгүй. Нэг зөрчил гаргахад л 100,000 төгрөгөөр торгуулна.

Гэтэл бодит байдал дээр 1,000 төгрөг байтугай 1,500-гаар ч явах хүн байхгүй. Гудамжинд гараад бүгд 2,000-гаар такси барьж байна.

Харамсалтай нь яг ижил бизнес хийж буй өөр нэг компанид нь энэ шаардлагаа тавьдаггүй. Тэд 50,000 гаруй жолоочтой систем бий болчхоод байдаг. Өнгөрсөн жилийн гэрээг дүгнэсэн актаар нийт 100 оноо авах боломжтойгоос 87.1 оноо авсан үзүүлэлтээр гэрээгээ сунгасан. Хэрвээ ямар нэг асуудал гаргасан бол бидний таксинд явах эрхийг шууд хаана.

Төгсгөлд нь сонгууль дөхөж буйтай холбоотойгоор эрх барьж буй Монгол Ардын Нам (МАН), Ардчилсан Нам (АН), Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН) гэх мэт бүх нам, эвслийн мөрийн хөтөлбөртэй танилцлаа. Түгжрэлийг яаж бууруулах талаар намуудын мөрийн хөтөлбөрийг судалсан. Тодорхой шийдэл аль ч намд нь алга. 

Өрсөлдөгчийг маань илтэд дэмжсэн намын төлөөлөл болгож Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригийг мэтгэлцээнд дуудаж байна. Өмнө нь Ж.Сүхбаатар сайдыг мэтгэлцээнд дуудсан ч ирээгүй.

Түгжрэлийг бууруулах асуудлаар сүүлийн 2-3 жилд нэг их наяд төгрөг зарцууллаа. Ямар ч үр дүнд хүрээгүй. Жишээлбэл Улаанбаатар хотод 730,000 автомашины дугаар олгоно гэж яриад буй. Энэ тоо хэдийнээ 720,000 давчихсан. Сонгууль өнгөрөөд л дээд хязгаартаа тулаад цаашид дугаар олгохгүй. 

Мөн ХҮН намын төлөөлөл болгож Нийслэлийн ХҮН намын дарга асан П.Наранбаяр багшийг мэтгэлцээнд дуудаж байна. Энэ намд олон чадварлаг залуучууд бий. Өмнөх сонгуулиар нийслэлийн түгжрэлийг 50 хувь бууруулах амлалт өгч байсан учраас мэтгэлцээнд урилаа.

Мэтгэлцээний урилгыг хүлээн авна гэж итгэж байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагынхан туслалцаа үзүүлэх байх. Мэтгэлцээнийг зохион байгуулдаг олон байгууллага бий. Нэр дурдсан хүмүүсийн хүссэн цагт мэтгэлцэхэд бэлэн байна" гэж ярилаа.