Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

WikiLeaks сайтын Жулиан Ассанж ял шийтгэлээ тохиролцсоноор олон жилийн дараа гэртээ харих боломжтой болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

WikiLeaks сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанж энэ долоо хоногт АНУ-ын хуулийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрсний хариуд суллагдахаар тохиролцжээ.

Одоо 52 настай түүнийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууц материалуудыг олж авч, нийтэд задруулсан гэх ганцхан зүйл ангиар яллахаар болсон байна.

Энэ зүйл ангиар Ассанж 62 сар шоронд хоригдох ялтай ч Их Британийн шоронд өнгөрүүлсэн хугацааг нь үүнд тооцохоор болжээ.

Даваа гарагийн өглөө тэр чанга дэглэмтэй Бэлмарш шоронгоос гарч, Британийн дээд шүүхийн батлан даалтаар суллах шийдвэрийг сонссоныхоо дараа үдээс хойш хувийн нисэх онгоцонд суусан байна.

Лхагва гарагийн өглөө орон нутгийн цагаар 9:00 цагт АНУ-ын харьяанд багтдаг Номхон далайн Сайпан аралд эхлэх шүүхийн сонсголд тэр оролцож, тохиролцсон шийтгэлээ хүлээх юм.

Дараа нь Ассанж өөрийн төрсөн нутаг Австралийг зорих ажээ.

“Энэ бол НҮБ болон дэлхийн олон улс орны хууль тогтоогчид, удирдагчид, хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн хамтарсан кампанит ажлын үр дүн юм” гэж WikiLeaks сайтын албан ёсны мэдэгдэлд өгүүлсэн байна.

WikiLeaks сайт 2010 онд Вашингтоны эрх баригчдын Ирак, Афганистанд явуулж буй дайнтай холбоотой олон зуун мянган нууц бичиг баримтыг нийтэлсэн нь АНУ-ын түүхэнд гарсан хамгийн том нууц задруулалт болсон юм.

Ассанжид эдгээр материалыг дамжуулсан АНУ-ын цэргийн тагнуулын албаны шинжээч Челси Мэннинг тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр шийтгүүлж байжээ.

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны үед Ассанжийг мөн тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгасан юм.

Гэвч төрийн албан хаагчдыг голдуу шийтгэдэг хуулиар Ассанжийг шийтгэхийг эсэргүүцсэн хөдөлгөөн дэлхий даяар өрнөж байлаа.

Өмгөөлөгчид нь Ассанжийг ийм хуулиар шийтгэвэл үг хэлэх эрх чөлөөнд халдсан үйлдэл болно гэж үзэж байв.

Шведийн эрх баригчид бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт сэжигтнээр татах шийдвэр гаргасны дагуу Ассанж 2010 онд Британид саатуулагдсан юм. Тэрбээр Шведэд өөрийг нь шилжүүлж өгөхөөс зайлсхийхийн тулд Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд долоон жил толгой хоргодсон байна.

Шведийн тал сүүлд Ассанжид үүсгэсэн хэргээ хүчингүй болгож байжээ.

2019 онд Британийн эрх баригчид түүнийг Эквадорын элчин сайдын яамнаас албадан гаргаж, батлан даалтын журмыг зөрчсөн үндэслэлээр Бэлмаршийн шоронд хорьсон юм. Тэр үеэс хойш Ассанж өөрийг нь АНУ-д шилжүүлж өгөхийг эсэргүүцэн бараг таван жилийн турш тэмцжээ.

Эквадорын элчин сайдын яаманд амьдарч байхдаа танилцаж, хоёр хүүхдийг нь төрүүлсэн Стелла хэмээх эмэгтэйтэй тэр Бэлмаршийн шоронд гэрлэж байв.

 

Эх сурвалж: Reuters