Уншиж байна ...

Ж.Ганбаатар: СЕХ бие даан нэр дэвшигчдийн дэс дарааллыг дураараа өөрчилж, хууль зөрчиж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 6 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын сонгуулийн 5-р тойрог буюу Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж буй Ж.Ганбаатар Сонгуулийн Ерөнхий Хорооны хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Улс төрийн намууд Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа жагсдагтай яг адилхан бие даан нэр дэвшигчид СЕХ-нд бүртгүүлсэн дарааллаараа бичигддэг. Гэвч СЕХ энэ дэс дарааллыг дураараа өөрчилж байна.

Би ТҮЦ машинаас олгодог бие даан нэр дэвшигчийн 0001 дугаартай баримтыг авсан. Энэ нь 2024 оны тавдугаар сарын 21-ний 08:04 цагт СЕХ-ны автомат ТҮЦ машинаас хэвлэгдсэн баримт. Мөн бүртгэлийн дарааллаараа бие даан нэр дэвшигчид СЕХ-нд материалаа хүлээлгэн өгдөг. Энэ дагуу миний бие 2024 оны тавдугаар сарын 24-ний 08:30 цагт бүрдүүлсэн материалаа хүлээлгэн өгсөн.

Гэтэл СЕХ нь МҮОНРТ-ээс олгодог 15 минутын үнэгүй сурталчилгаа болон мэтгэлцээний цагийг дур мэдэн өөрчилсөн.

СЕХ-нд бүртгүүлсэн бүртгэлээрээ дэс дараалал үүсээд урвуу хамаарлаар МҮОНРТ-ын сурталчилгаа болон мэтгэлцээнд оролцох цаг олгогддог. Би бүх баримтаар дэс дарааллын нэгдүгээрт байхад намайг 12 дугаарт оруулж бичсэн байна. Бүх материалаа 08:30 цагт өгсөн байхад 10:30 цагт өгсөн гэж бичсэн.

Мөн СЕХ тавдугаар сарын 24-нөөс материал хүлээн авсан хэр нь бие даан нэр дэвшигчдийн дэс дарааллын эхний хоёрт бичигдсэн хүмүүсийн бичиг баримтыг 21-ний өдөр хүлээн авсан мэтээр бүртгэсэн. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн зүйл заалтыг бодитоор зөрчсөн үйлдэл юм.

Сонгуулийн хуулийн 46.3-т “Бие даан нэр дэвшигчийн тухайд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн дарааллыг баримтлан ижил нөхцөл, тэнцүү хугацаа ногдохоор тооцно” гэж заасан байдаг.

Би дөрөв дэх удаагаа бие даан нэр дэвшиж СЕХ-ны булхайтай удаа дараа нүүр тулж явсан хүний хувьд энэ явдлыг ил болгож байна.

Бие даагчдын хамгийн эхний хүн МҮОНРТ-ээс зохион байгуулдаг мэтгэлцээний 50 дахь дугаарт МАН, АН зэрэг том намуудын төлөөлөлтэй мэтгэлцэх хуваарьтай. Миний зорилго бол энэ том намуудын дарга нартай мэтгэлцэх байсан юм. Мөн бие даагч №1 нь зургаадугаар сарын 26-ны 21:05-21:20 цагийн хооронд буюу сонгуулийн сурталчилгааны хамгийн сүүлийн өдөр нэр дэвшигчдийн сурталчилгааны 15 минутыг авах хуваарьтай байгаа. Би энэ цагийг авахын тулд сонгуульд оролцсон.  

Гэтэл МҮОНРТ-с яриад “Таны мэтгэлцээн 23-ны өдөр болсон” гэж хэлсэн.

Ингээд би СЕХ-н дээр очиж уулзахад “Бие даан нэр дэвшигчдийг тойргоор нь жагсаасан. 1-р тойрогт бие даан нэр дэвшигчийг дэс дарааллын нэгдүгээрт, та 5-р тойрогт нэр дэвшиж байгаа учраас дэс дарааллын тавдугаарт бичигдсэн” гэж тайлбарласан. Гэвч тийм хууль, үндэслэл байхгүй. СЕХ дур мэдэн, хуулиас давсан шийдвэр гаргасан байна.

Тиймээс би Захиргааны хэргийн шүүх, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан" гэлээ.