Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий даяар эр бэлэг эрхтний хорт хавдар нэмэгдэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улсад эр бэлэг эрхтний хорт хавдрын (peniel cancer) тохиолдол нэмэгдэж байгаа талаар судлаачид мэдээлжээ.

Энэ нь ховорт тооцогддог, тэр бүр анхаарал татаад байдаггүй хорт хавдрын нэг төрөл юм. Гэхдээ урьдчилан сэргийлэх хамгийн өндөр боломжтой хорт хавдар гэж мэргэжилтнүүд үздэг юм байна.

2022 онд “JMIR Public Health and Surveillance” сэтгүүлд энэ өвчний талаар 43 улсыг хамруулсан анхны томоохон судалгааны үр дүн нийтлэгдэж байжээ.

Уг судалгаанд хамрагдсан орнуудаас 2008-2012 онуудад 100,000 эрэгтэй тутамд 2.2 тохиолд илэрсэн Уганда, 2.1 тохиолдол илэрсэн Бразил, 1.4 тохиолдол илэрсэн Тайланд улсууд тэргүүлсэн байна.

Хамгийн бага өвчлөлтэй нь 100,000 эрэгтэй тутамд 0.1 тохиолдолтой Кувейт улс болж байжээ.

Бразилын эрүүл мэндийн яамны саяхан гаргасан мэдээллээр 2012-2022 онуудад тус улсад эр бэлэг эрхтний хорт хавдрын 21,000 тохиолдол бүртгэгдсэн байна.

Эдгээрийн 4,000 гаруй нь амиа алдаж, 6,500 нь эрхтнээ тайруулахад хүрч байжээ.

Бразилын хамгийн ядуу муж болох Мараньаод 100,000 эрэгтэй тутамд 6.1 тохиолдол илэрдэг нь дэлхийн хаана ч байхгүй өндөр үзүүлэлт юм байна.

Бэлэг эрхтэнд эдгэрдэггүй шархлаа үүсэх, хурц үнэртэй шээс гарах, зарим тохиолдолд цус алдаж, бэлэг эрхтний өнгө өөрчлөгдөх замаар уг хорт хавдрын шинж тэмдэг илэрдэг гэнэ.

Эрт илэрсэн тохиолдолд мэс засал, туяа эмчилгээ, хими эмчилгээгээр эдгээх боломжтой байдаг ажээ.

Удаасан тохиолдол шодойг хэсэгчлэн болон бүхэлд нь тайрах, төмсөг зэрэг ойролцоо бусад эрхтний хэсгийг тайрах шаардлагатай болдог байна.

Их Британийн үндэсний эрүүл мэндийн алба (NHS)-наас гаргасан зөвлөмжид бэлэг эрхтний ариун цэврийг сахих нь хорт хавдраас сэргийлэхэд гол нөлөөтэйг тайлбарлажээ.

Тухайлбал бэлэг эрхтнийг бүрхсэн арьсны дотор талд бактери үржих нөхцөл бүрдэх нь ийм эрсдэл дагуулдаг байна. Тиймээс уг арьсыг шамлаж, цэвэрлэж байх, хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэх зэрэг нь чухал гэж зөвлөжээ.

Мөн тамхи татах нь бэлэг эрхтний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай анхааруулсан байна.

Хэдийгээр хөгжиж буй орнуудад эр бэлэг эрхтний хорт хавдар түгээмэл байгаа ч сүүлийн жилүүдэд Европын орнуудад бас нэмэгдэх болжээ.

Тухайлбал 1979-өөс 2009 оны хооронд Англид 100,000 эрэгтэй тутамд 1.1 тохиолдол байснаа 1.3 болж нэмэгдсэн байна.

Германд 1961-2012 онуудын хооронд 50 хувиар өсөж, 1.2 тохиолдлоос 1.8 тохиолдол болжээ.

Global Cancer Registers байгууллага 2050 он хүртэл дэлхий даяар эр бэлэг эрхтний хорт хавдрын өвчлөл 77 хувиар өсөх тооцоо гаргасан байна.

Ийм төрлийн хорт хавдар 60 гаруй насны эрчүүдэд ихэвчлэн тохиолддог тул өвчлөл нэмэгдэж байгаа нь хүн амын хөгшрөлттэй холбоотой байж магадгүйг зарим судлаачид онцолжээ.

“Хөвч хөндүүлдэг улс орнуудын хүн амын дунд бэлэг эрхтний хорт хавдар бараг байдаггүй. Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, ялангуяа бэлгэвч хэрэглэхгүй байх, ариун цэвэр сахихгүй байх нь энэ өвчний эрсдэлийг улам нэмэгдүүлдэг” гэж “Frimley Health NHS Foundation Trust” байгууллагын урологийн клиникийн ахлагч Нэйл Барбер тайлбарласан байна.

 

Эх сурвалж: BBC