Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Украинд зэвсэг нийлүүлснээр Өмнөд Солонгос “том алдаа” гаргахыг Путин анхааруулав

Т.Давааням, ikon.mn
2024 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

ОХУ, БНАСАУ хоёр харийн түрэмгийллээс харилцан нэгнээ хамгаалах гэрээ байгуулснаа Лхагва гарагт зарласан билээ.

Үүний хариуд Өмнөд Солонгосын эрх баригчид Украинд зэвсэг нийлүүлэхээс татгалзсан байр сууриа эргэн харж болзошгүйг Ёнхап агентлаг өчигдөр мэдээлсэн юм. Сөүлийн эрх баригчид өнөөдрийг хүртэл Украинд зэвсэг нийлүүлэхээс татгалзаж, зөвхөн хүмүүнлэгийн болон санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлж байгаа.

Пүрэв гарагт Вьетнам улсын нийслэлд сэтгүүлчидтэй уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ талаар асуултад хариулжээ.

“Өмнөд Солонгосын талд санаа зовох зүйл байхгүй. Учир нь бидний байгуулсан гэрээ бол зөвхөн аль нэг улсынх нь эсрэг түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд л туслах тухай юм. Миний мэдэж байгаагаар БНАСАУ-ын эсрэг түрэмгийлэл үйлдэх төлөвлөгөө Бүгд Найрамдах Солонгос Улсад байхгүй” гэж тэр хэлсэн байна.

Путин бас Украинд зэвсэг нийлүүлэхгүй байхыг Өмнөд Солонгосын талд анхааруулжээ.

“Хэрвээ Украин дахь мөргөлдөөний бүсэд зэвсэг нийлүүлбэл энэ нь маш том алдаа болно. Ийм зүйл болохгүй гэдэгт би найдаж байна. Хэрвээ ийм зүйл тохиолдвол Өмнөд Солонгосын одоогийн удирдлагад таалагдахгүй байх магадлалтай зохих шийдвэрийг бид гаргах болно” гэх тэр анхааруулсан юм.

ОХУ-ын ерөнхийлөгчийн Ази тивийн орнуудаар хийх айлчлал Вьетнам улсад өндөрлөж байна.

Хуучин холбоотон Вьетнамд хийж буй Путиний айлчлалын гол зорилго нь Оросын зэр зэвсгийн экспортыг сэргээх гэж ажиглагчид үзэж байгаа.

Вьетнамын армийн зэвсэгт техникийн гол нийлүүлэгч нь олон арван жилийн турш Орос байсан юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ экспортын хэмжээ эрс буурч, Өрнөдийн орнуудад зах зээлээ алдаж эхлээд байгаа.

 

Эх сурвалж: Yonhap News