Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын цэргийн алба хаагч Оросын шүүхээс бараг дөрвөн жилийн хорих ял сонслоо

Т.Давааням, ikon.mn
2024 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын цэргийн алба хаагчид өчигдөр Оросын шүүх дөрөв орчим жилийн хорих ял оноожээ.

Түүнийг найз эмэгтэйгээсээ $113 хулгайлж, алахаар сүрдүүлсэн гэж шүүх буруутгасан байна.

Яллагдагч 34 настай Гордон Блэк нь Өмнөд Солонгост алба хааж байх үедээ Оросын иргэн Александра Ващук гэх эмэгтэйтэй танилцаж, түүнтэй уулзахаар Владивосток хотод очоод байхдаа тавдугаар сарын 2-ны өдөр баривчлагдсан юм.

Найз эмэгтэйнхээ хэтэвчээс 10,000 рубль ($113) хулгайлж, амь насыг нь хөнөөхөөр сүрдүүлсэн гэх гомдлын дагуу түүнийг баривчилж байжээ.

Владивосток хотын Первомайский дүүргийн шүүгч Елена Степанкова 10,000 рублийг буцааж төлүүлэх, засан хүмүүжүүлэх төвд гурван жил, есөн сарын хугацаанд хорих шийдвэрийг уншиж танилцуулсан байна.

Блэкийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.

Амь насанд халдахаар сүрдүүлснээ Блэк хүлээн зөвшөөрөөгүй бол тодорхой шаардлага байгаагүй ч мөнгө авсан буруугаа хэсэгчлэн хүлээсэн юм байна.

Прокурорууд Блэкт дөрвөн жил, найман сарын хорих ял оноохыг хүссэн бол өмгөөлөгч нь ялаас бүрэн чөлөөлөх хүсэлтийг шүүхэд гаргаад байжээ.

зураг
 

Блэк энэ оны дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын цэргийн баазад түр алба хаах хугацаагаа дуусгаад АНУ-ын Техас дахь үндсэн бааз руугаа буцах байсан юм. Гэтэл тэр найз бүсгүйтэйгээ уулзахаар Хятадаар дамжин Владивосток руу нисэж байжээ.

Орос, Хятад улсуудад зорчихдоо зөвшөөрөл аваагүй гэж Блэкийг тухайн үед Пентагон буруутгаж байв.

Блэкийн эхнэр, хүүхэд Техаст амьдардаг юм байна. Эхнэр Меган нь нөхрийгөө Ващуктай нэлээд ээдрээтэй харилцаатай байсныг өнгөрсөн сард хэвлэлд ярьж байжээ.

Блэкийн ээж Мелоди Жонс хүүгээ “муур, нохой мэт харилцаатай” байсан ч найз бүсгүйтэйгээ уулзахаар Владивосток явсныг бас ярьсан юм.

Одоо ОХУ-ын шоронгуудад АНУ-ын арав гаруй иргэн хоригдож байгаа.

АНУ-ын төрийн департамент ОХУ руу зорчихгүй байхыг иргэддээ зөвлөдөг бөгөөд аюулгүй байдлын хувьд Афганистан, Сири, Иран, Судан зэрэг улсуудтай нэг ангилалд авч үздэг юм.

 

Эх сурвалж: Reuters