“Гэр бүлийн харилцааны асуудлууд ба шийдвэрлэх, даван туулах арга замууд”-ын талаар Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)-өөс дараах зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
Хосуудын бат бэх харилцааны тухай СЭМҮТ-ийн Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын II клиникийн эрхлэгч, сэтгэл засалч, сэтгэцийн эмч Г.Гантулгын өгсөн зөвлөгөөг тоймлон хүргэе.
Хувь хүмүүсийн хүмүүжил, төрж өссөн орчны зөрүүтэй байдал хосын харилцаанд нөлөөлдөг.
Түүнчлэн өнөөгийн нийгэмд гэр бүлийн тайван, тогтвортой байдалд мөнгө санхүү, орлого томоохон байр суурийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл санхүүгийн асуудал хосын харилцаанд нэлээд бэрхшээл учруулдаг хүчин зүйл.
Мөн эрүүл мэнд болон сэтгэл зүйн боловсрол чухал.
Хос хоёрын дунд маргаан үүсгэж буй хэд хэдэн шалтгааныг энд дурдъя.
Зарим тохиолдолд эрчүүд “Би хог асгахгүй, хувцас угаахгүй”, "Эрэгтэй хүн ийм юм хийдэггүй" гэдгээс үл ойлголцол үүсэх хандлагатай байдаг. Том сэдэв рүү орохгүйгээр хамгийн энгийн жишээг татлаа.
Эсрэгээрээ өөрөө махаа эвддэг, гэр орныхоо ажлыг хийчихдэг эмэгтэй хүн тэр хэмжээний зүйлийг эрэгтэйгээсээ хүссэн ч хийж чадахгүй байх. Энэ тохиолдолд эрэгтэйгээ үнэлэх үнэлэмж буурч, хариу үйлдэл алдаатай болоод эхэлдэг. "Чи иймхэн юм хийж чадахгүй байна шүү дээ" гэх мэтчилэн.
Нөхөр нь зөрүүлээд эмэгтэйгээсээ хайр халамж, гэр бүл доторх уламжлалт байдлаа хадгалсан харилцааг хүссэн ч чадахгүй болохоор сэтгэл зүй болон харилцааны зөрчил үүсдэг.
Хосуудын үл ойлголцолд чиглэсэн зөвлөгөө:
Хайр сэтгэлээр холбогдсон, тодорхой зорилго бүхий хамтын харилцаа үүсгэж байгаа хоёр хүнийг хос гэж хэлнэ.
Тэр зорилгодоо хүрэхийн тулд бие биесээ голж, шүүмжлэх нь чухал уу эсвэл үүсээд буй асуудлаа шийдэх нь чухал юм уу.
Мэдээж хүн хоорондын зөрүүтэй байр суурь үүсэж болно. Гэхдээ хосын харилцаа илүү тухтай, эерэг хандлага руу чиглэсэн байх нь чухал.
Гэтэл ихэнх практикаас харахад шүүхийн танхимд суугаа хоёр эсрэг байр суурьтай хүний өнцгөөс харилцаанд ордог. Нэг нь нөгөөгийнхөө алдааг ээлжлэн шүүж, тунгаах гээд эхэлдэг гэсэн үг. Энэ нь асуудлын шийдэл биш.
Бодит амьдрал дээр хосууд нэгнийгээ засах, өөрчлөх тухай ярьдаг.
Хосуудын хувьд нэгнийгээ өөрчлөхөөс илүүтэйгээр эхнээсээ тэр хүнийг та яагаад сонгов, сонгох болсон шалтгаан нь юу вэ? гэдгийг бодолцож үзэх нь зүйтэй.
Нөгөө хүнийг оршихуйгаар буюу тодорхой нөхцөл байдалтайгаар нь хүлээн зөвшөөрч, өөрийн өрөөсөн тал буюу хамтрагчаар сонгож байгаа.
"Өөрчлөгд", "дутагдлаа зас" гэдэгт хүч хаяад байвал үл ойлголцол, таагүй мэдрэмжүүдээр дүүргэсэн цаг хугацааг өнгөрөөнө гэсэн үг.
Анх нэгнээ сонгохдоо зарим дутагдлыг нь хүлээн зөвшөөрч цааш хамтрахад бэлэн үү? гэдгийг асуух хэрэгтэй. Хэрэв хангалттай бэлэн болоогүй бол үерхлийн харилцаатай гэхээс биш гэр бүл, үр хүүхдийг хараахан төлөвлөхгүй байхыг зөвлөе.
Хүнийг таньж мэдэх нь илүү зөв шийдэл болов уу.
Хосынхоо данс, хувийн бүх мэдээллийг авахыг хүсдэг хандлагын тухайд:
Насан туршдаа эхнэр эсвэл нөхрийнхөө бүх юмыг мэдсэн шигээ зөрүүлээд түүний алдаа, оноог зэрэг хариуцах хэмжээ өөрт тань бий юу? гэж асуугаад үзээрэй.
Түүнээс биш сайхан үед нь хамт байсан хэрнээ алдаж онох үед нь зайгаа аваад явбал зөв харилцаа байж чадах уу, үгүй юу?
Хувь хүн болгонд хүсэл мөрөөдөл бий. Түүнийхээ араас явахад зориулагдсан тодорхой санхүү, ажил амьдралтай холбоотой үүсэж буй стрессээ тайлах хувийн орон зай байх ёстой.
Ихэнх тохиолдолд зөрчил үүссэн, таагүй харилцаатай гэр бүлүүдийг анзаарахад зорилго нь мартагдсан байдаг. Зорилгоо тодорхойлоогүй.
Хүүхдээ харна, хүүхдээ өсгөнө гэж ярьдаг. Гэтэл энэ бол эцэг, эх болгоны үүрэг шүү дээ. Хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар яах ёстой, юунд хүрэх гэж байгаа зэргээ эхлээд санах ёстой.
Мэргэжлийн хүний хувьд харахад гэр бүл хүсэж, мөрөөдөж тэмүүлсэн зорилготой байх нь чухал.
Амжилттай, эерэг харилцаатай гэр бүлүүдийг харахаар зорилгоо тодорхойлж чадсан хүмүүс байдаг. Нэг зорилгоос дараагийн зорилго руу явж чаддаг. Ингээд бүр насныхаа эцэс хүртэл өөрсдийн хамтын амьдралаа төлөвлөсөн байх жишээтэй.
Карьер нь өсөж яваа нэгнээ ажлаа хөөцөлдөөд гарахыг хүртэл ойлгодог. Гэтэл зорилгоо тодорхойлоогүй хүмүүс жижигхэн зүйлээс болж маргадаг.
Үерхэл бол илүүтэй мэдрэмж, нэг нь нөгөөдөө халамж тавих тухай ойлголт. Гэвч үр хүүхэдтэй болсноор хайраас гадна үүрэг хариуцлага дагалдана. Тодорхой хэмжээний дургүй зүйлээ ч хийхэд хүргэх нөхцөл байдал бий болж эхэлнэ.
Сүүлийн үед хүйсийн буюу жендэртэй холбоотой асуудал нэлээд үүсэж байна. Тэгш эрхийн тухай ярьдаг боловч биологийн үндсэн өгөгдөл, онцлогоо хүлээн зөвшөөрөх ёстой.
Эрх тэгш эрхийн тухай хэт туйлширсан байдлаар ханддаг талтай. Тухайлбал эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж ингэ, тэг эсвэл эрэгтэйчүүд илүү их хүчирхийлэл үйлддэг гэх мэтчилэн.
Нарийн авч үзвэл эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийнхээ боловсролд ялгаатай байр сууринаас хандаж байна. Эрэгтэй хүүхэд яаж ийж байгаад амьдралаа авч явна гэж сул хаядаг. Харин эмэгтэй хүүхэд "муу хүнтэй суувал дээрэлхүүлнэ" гэж боловсролд нь анхаардаг.
Насанд хүрээд ирэхээр эмэгтэй хүн мэдлэг чадварын хувьд өөрийг нь давахуйц буюу өрсөлдөхүйц хүнийг хайдаг. Гэтэл боловсрол, сэтгэлгээ, туршлага, орлогын хувьд тэнцвэрээ алдчихсан. Үүнээс үүдэлтэйгээр эрэгтэй, эмэгтэй хүйсийн хүндлэл харилцаанд зөрчил гараад эхэлсэн.
Магадгүй дараа дараагийн хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэх үедээ хосууд маань эрэгтэй, эмэгтэй гэлтгүйгээр аль алиныг нь боловсролтой, чадвартай, мөн өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг, хажуу дахь хүнээ сонсох чадварт сургах ёстой.
Өнөөдөр эмэгтэйчүүд маань эрэгтэй хүнээс мэдрэмжийг хүсээд байвал мэдрэмжийг илэрхийлэх чадвартай эр хүнийг өсгөх хэрэгтэй.
Харилцаанд үг хэр чухал вэ?
Харилцаанд үг маш хүчтэй хүчин зүйл. Зарим үг бие махбодын хүчирхийллээс хэд дахин илүү өвдөлтийг өгч мэднэ.
Өөрт тохиолдсон асуудлаа маш хэцүү замаар даван туулах гэж оролдоод яахаа мэдэхгүй бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандахыг зөвлөе.
Нэн түрүүнд хосын чинь ааш зан, авир байдал өөрчлөлт нь хэр зэрэг удаж байгаа юм бэ гэдгээ харах ёстой. Шалтгаан нь тодорхойгүй байдал чамгүй хугацаанд сар түүнээс дээш үргэлжилбэл ярилцаж, өөрийн хэмжээнд шийдвэр гаргах гэж үзнэ.
Гэвч өөрсдийнхөө хувьд ярилцаад оролдлого хийж гурваас дээш сар болсон бол магадгүй мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсан нь зүйтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!