Уншиж байна ...

Папуа Шинэ Гвинейд тохиолдсон хөрсний гулгалтад 2,000 гаруй хүн дарагдсан байж болзошгүйг мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн өглөө Папуа Шинэ Гвиней улсын Энга мужийн уулархаг нутгийн нэг тосгон бараг бүхэлдээ хөрсний гулгалтад дарагдсан юм.

Өнгөрсөн амралтын өдөр НҮБ-ын төлөөлөгч энэхүү байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоог 670 орчим гэж мэдээлж байв.

Тэгвэл Даваа гарагт Папуа Шинэ Гвиней улсын Гамшгаас Хамгаалах Үндэсний Төв энэ тоог эрс өсгөж, 2,000 гаруй хүн амьдаараа булшлагдсан байж болзошгүйг мэдэгджээ.

200 орчим метр урт үргэлжилсэн хөрсний гулгалтад дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа зам харгуй хаагдаж, багаж хэрэгсэл дутагдсан маш хүнд хэцүү нөхцөлд үргэлжилж байна.

Нурангийн зузаан зарим хэсэгтээ 10 метр хүрч байгаа ажээ.

зураг
 

Бөмбөг тэсрэх шиг хүчтэй дуу чимээний дараа хэдхэн секундийн дотор Каокалам тосгоныг далайн давлагаа мэт их хад чулуу нөмөрсөн тухай амьд үлдсэн тосгоны иргэд ярьсан байна.

Гамшгийн өмнө энэ тосгонд 3,800 орчим хүн амьдардаг байжээ.

Папуа Шинэ Гвиней улсын ерөнхий сайд Жэймс Марапе байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж, нийслэл Порт Морсби хотоос баруун хойд зүгт 600 км зайтай оршдог тосгон руу армийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг илгээх шийдвэр гаргасан юм.

Тус улсын төрийн тэргүүнд тооцогддог Их Британийн хаан Гуравдугаар Чарльз хатныхаа хамт Даваа гарагт эмгэнэлийн захидал илгээжээ.

Хэдэн долоо хоногийн турш хүчтэй аадар бороо тасралтгүй орсон нь уулын хөрс зөөлөрч, гулгах нөхцөл болсон гэж орон нутгийн албаныхан тайлбарлаж байна.

 

Эх сурвалж: BBC