Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын ерөнхийлөгч Украины дайныг одоогийн фронтын шугамаар зогсоох сонирхолтой байгааг эх сурвалжууд мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гурав дахь жилдээ үргэлжилж буй Украины дайныг одоогийн фронтын шугамаар зогсоох хүсэлтэй байгааг Кремльд ойр ажилладаг дөрвөн өөр эх сурвалж баталсныг Ройтерс агентлаг өчигдөр мэдээлжээ.

Гэхдээ Киевийн болон Өрнөдийн эрх баригчид үүнийг хүлээж авахгүй бол дайныг үргэлжлүүлэхэд бэлэн байгаа гэнэ.

“Путин дайныг шаардлагатай хугацаагаар үргэлжлүүлэхэд бэлэн байгаа. Гэхдээ бас одоогийн фронтын шугамаар дайныг зогсооход бэлэн байна” гэж Путиний хүрээлэлд ойр ажилладаг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.

Баасан гарагт Беларусьт ирсэн Путин энхийн яриа хэлэлцээг сэргээхэд бэлэн байгаагаа хэвлэлийн хурлын үеэр илэрхийлсэн юм.

Гэхдээ тэр яриа хэлэлцээг “одоогийн бодит байдалд үндэслэх, дан ганц нэг талын саналд үндэслэх ёсгүй” гэсэн байр суурь илэрхийлжээ.

Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба түүний үгийг ирэх сард Украины дайныг зогсоох асуудлаар Швейцарт зохион байгуулагдах олон улсын хурлын зорилгод нөлөөлөх гэсэн “хуурамч дохио” гэж анхааруулсан байна.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк мөн Путинийг Өрнөдийн орнуудаар ялагдлыг хүлээн зөвшөөрүүлэх санаатай байгааг мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Путин батлан хамгаалахын сайдаар эдийн засагч Андрей Белоусовыг томилсон. Өрнөдийн шинжээчид үүнийг Путин улс орныхоо эдийн засгийг удаан үргэлжлэх дайнд дасан зохицуулах зорилготой гэж үзэж байна.

Саяхан Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков энэ талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Орос улс мөнхийн дайныг хүсэхгүй” гэж хариулжээ.

Кремлийн хоёр эх сурвалжийн өгүүлснээр Путин дайны одоогийн үр дүнг хангалттай гэж үзэж байж болзошгүй гэнэ.

Тухайлбал дайны үр дүнг одоогийнхоос илүү ахиулахын тулд үндэсний хэмжээнд цэргийн дайчилгаа явуулах шаардлагатай болох ба ингэснээр өөрийнх нь нэр хүнд унах эрсдэлтэйг Путин сайн ойлгож байгаа гэж мэдээлжээ.

2022 оны есдүгээр сард явуулсан эхний дайчилгааны үеэр олон зуун мянган цэргийн насны эрчүүд эх орноосоо дүрвэж, Путиний рэйтинг нэлээд хэмжээгээр буурсан гэдэг. Одоогоор цэргийн дайчилгаа явуулах шаардлага байхгүй, сайн дурынхан болон гэрээт алба хаагчдаар армийн хүчийг сэлбэх нь хангалттай гэсэн Кремлийн байр суурийг Песков бас илэрхийлсэн юм.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энх тайван тогтоох Путиний саналыг хүлээж авахгүйгээ удаа дараа мэдэгдэж байгаа.

Тэрбээр 2014 онд алдсан Крымийн хойгийг оролцуулаад Украины эзлэгдсэн бүх газар нутгийг чөлөөлөхөө амласан.

Зеленский 2022 онд Путинтэй ямар ч яриа хэлэлцээ явуулах боломжгүйг албан ёсоор зарласан зарлигт гарын үсэг зурсан юм.

Ирэх сард Швейцарт зохион байгуулагдах олон улсын энхийн чуулганаар Украины дайныг хэрхэн төгсгөх арга зам дээр нэгдэх зорилготой байна.

Зеленскийн санаачилсан энэ чуулганд ОХУ-ын ерөнхийлөгчийг уриагүй юм. Оросыг оролцуулаагүй тохиолдолд яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүйг Москвагийн эрх баригчид хариу мэдэгдэж байна.

 

Эх сурвалж: Reuters