Америкчуудын хоол хүнсний аюулгүй байдлын талаар баримтат кинонууд бүтээж байсан найруулагч Морган Спэрлок 53 насандаа таалал төгссөнийг өчигдөр гэр бүлийнхэн нь мэдээлжээ.
Тэрбээр Пүрэв гарагт Нью-Йорк хотод хорт хавдрын хүндрэлээр нас барсан байна.
Спэрлок 2004 онд “Super Size Me” нэртэй бүтээлээрээ дуулиан тарьж, Оскарын шагналд нэр дэвшиж байжээ.
Уг баримтат кинондоо тэр 30 хоногийн турш зөвхөн МакДональдс сүлжээний бүтээгдэхүүнүүдээр хооллож, бие махбод, сэтгэл санаанд нь ямар өөрчлөлт гарч буйг өдөр өдрөөр харуулсан юм. Энэхүү туршилтын дараа Спэрлок 11 кг жин нэмж, холестеролын хэмжээ нь эрс нэмэгдэж, бэлгийн дур хүсэл нь буурч байжээ.
Дараа нь 2019 онд Спэрлок “Super Size Me 2: Holy Chicken!” баримтат киногоо бүтээсэн юм.
Энэ нь Америкийн тахианы махны үйлдвэрлэлийн хор нөлөөг харуулах зорилготой байжээ.
Тухайн үед Спэрлок хэвлэлд ярихдаа “Хэрэглэгчийн өнцгөөс харахад хэрэглэгчдийн хүч нөлөө улам бүр нэмэгдэж буй гайхалтай түүхэн цаг үед бид амьдарч байна. Энэ нь өмчийн эздэд биш, хэрэглэгчдэд өгөх өгөөжийн тухай асуудал юм” гэж байсан юм.
Спэрлокын бүтээлүүд гарсны дараа түргэн хоолны салбарын компаниуд бүтээгдэхүүнийхээ орц найрлага, органик байдал, ёс зүй зэрэгт ихээхэн анхаарал тавих болсон байна.
Гэхдээ шим тэжээл талаасаа төдийлөн өөрчлөгдөөгүй гэдэг.
“Томоохон өөрчлөлт гарсан нь үнэн боловч надаас хүмүүс ‘Одоо эрүүл болсон уу?’ гэж асуухад би ‘Маркетинг нь л эрүүл болсон байх’ гэж хариулдаг” гэж Спэрлок ярьж байжээ.
Тэрбээр зөвхөн хоол хүнсний сэдвээр биш, бас өөр сэдвүүдээр хэд хэдэн бүтээл туурвиж байв.
Тухайлбал нэг баримтат кинондоо Виржиниа мужийн нэг шорон дотрох амьдралыг үзүүлсэн байдаг.
“Super Size Me 2: Holy Chicken!” бүтээлийг 2017 оны Sundance кино наадамд үзүүлэх гэж байсан ч Спэрлокын бэлгийн замбараагүй амьдралтай холбоотой түүх дэлгэгдсэний дараа цуцлагдаж байв.
Тэрбээр коллежид сурч байхдаа хүчингийн хэрэг үйлдсэн, нэг эмэгтэй ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон, хамт амьдарч байсан эмэгтэйчүүдээ олон удаа хуурсан зэргээ сүүлд хүлээн зөвшөөрсөн юм.
Вэст Виржиниа мужийн нэг жижиг хотод төрж, өссөн тэрбээр салсан эхнэрүүдээс нь төрсөн хоёр хүүтэй хүн байжээ.
Эх сурвалж: Asscoiated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!