Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, онолын хувьд амьдрал байх боломжтой гараг нээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Эрдэмтдийн хоёр тусдаа баг биднээс 40 гэрлийн жилийн зайд орших жижиг одыг тойрон эргэж буй дэлхийгээс арай жижиг ч Сугар гарагаас том, онолын хувьд амьдрал байх боломжтой гарагийг нээснээ зарлажээ.

Gliese 12b гэж нэрлэсэн уг гараг нь Загасны ордонд байрладаг хүйтэн, улаан, одой одыг тойрон эргэдэг юм байна. Уг од нь нарны 27 хувьтай тэнцэх овор хэмжээтэй, 60 хувьтай тэнцэх температуртай ажээ.

Ийм жижиг хэмжээтэй одыг Gliese 12b гараг 12.8 хоногт нэг бүтэн тойрдог байна. Уг зай нь шингэн төлөвтэй ус орших боломжтой хэмжээ юм.

Эрдэмтэд гарагийн гадаргын температурыг Цельсийн 42 хэм гэж тооцоолжээ.

Эрдэмтдийн нэг багийн судалгааны ажлын тайлан Пүрэв гарагт “The Astrophysical Journal” сэтгүүлд, нөгөө багийн тайлан мөн өдөр “Monthly Notices of the Royal Astonomical Society” сэтгүүлд тус тус нийтлэгдсэн юм.

“Бид өнөөдрийг хүртэлх хамгийн ойрхон, сэрүүн температуртай, дэлхийн хэмжээний гарагийг илрүүллээ” гэж Токио хотын Астробиологийн Төвийн профессор, нэг судалгааных нь ахлагч Масаюки Күзүхара мэдэгдэлдээ өгүүлжээ.

“Амьдрал оршин байх нөхцөлийг хангах магадлалтай цөөхөн хэдэн гараг мэдэгдэж байгаа. Энэ бол тэдгээрээс бидэнд хамгийн ойр нь бөгөөд маш том нээлт юм” гэж нөгөө нэг судалгааг нь удирдсан Эдинбургийн Их сургууль, Коллеж Лондон Их сургуулийн эрдэмтэн Ларисса Палеторп ярьж байна.

Gliese 12b гарагийг нээхдээ тэд NASA-гийн Transiting Exoplanet Survey Satellite (TESS) сансрын телескопын цуглуулсан мэдээллийг ашиглажээ.

Уг телескоп нь сар бүр олон арван мянган одны мэдээллийг цуглуулж байдаг юм.

Одоогоор эрдэмтэд шинэ гарагийн атмосфер ямар бүтэцтэйг, бүр атмосфертэй эсэхийг ч бүрэн тодорхойлж чадаагүй байгаа гэнэ. Үүнээс шалтгаалаад шингэн төлөвтэй ус байх боломжтой эсэхийг бас хэлж чадахгүй байгаа ажээ. Ямартай ч гадаргын температур нь амьдралд таатай гэж дүгнэсэн байна.

“Ус байхгүй ч байж магадгүй. Хүлэмжийн хийн алдагдлын нөлөөгөөр Сугартай төстэй хуурай гараг болсон байх магадлалтай. Хэрвээ ус байвал дэлхийтэй төстэй байна гэсэн үг. Эсвэл хүлэмжийн хийн  нөлөөгөөр усаа алдах үйл явц ид үргэлжилж байх боломжтой юм” гэж Палеторп тайлбарлажээ.

Шинэ гарагийн атмосферийг судлах нь дараагийн гол ажил бөгөөд эрдэмтэд ингэхдээ James Webb Space Telescope сансрын телескопыг ашиглан спектроскопын шинжилгээ явуулахаар төлөвлөсөн байна.

Энэ нь одны гэрэл гарагийн атмосферийг нэвтлэн телескоп дуранд ажиглагдахдаа ямар долгион ямар молекулд шингэж үлдсэнийг тогтоох замаар атмосферийн бүтцийг тогтоодог арга юм.

Gliese 12b гарагийг судалснаар манай гараг яагаад амьдралд ээлтэй болсон, Сугар гараг яагаад чадаагүй зэргийг таамаглахад чухал хэрэгтэй гэж үзэж байна.

Хэдийгээр астрономийн хэмжүүрээр нарны аймагт хамгийн ойрхон гараг гэгдэж байгаа ч хүн төрөлхтний хувьд хүршгүй хол гараг юм.

Өнөөдөр бидэнд байгаа хамгийн хурдан сансрын хөлгөөр аялахад 225,000 орчим жилийн дараа Gliese 12b гарагт хүрэхээр байна.

 

Эх сурвалж: CNN