Өнгөрсөн Даваа гарагт Шинэ Зеландад болсон дуудлага худалдаагаар устаж алга болсон шувууны нэг ширхэг өд $28,147 орчим үнээр зарагдсан юм.
Энэ нь шувууны өд хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол болж байна.
Уг өдийг дээд тал нь $3,000-аар зарагдана гэж тооцоолж байснаа дуудлага худалдааг зохион байгуулсан Webb’s Auction House мэдээлжээ.
Өндөр үнээр зарагдсан өд нь зуу гаруй жилийн өмнө устаж алга болсон Шинэ Зеландын уугуул амьтан болох хуйа шувууны өд юм.
Хуйа нь Шинэ Зеландын уугуул иргэд болох Маоричуудын шүтээн байжээ. Уг шувууны өдийг зөвхөн омгийн ахлагч нар, тэдний гэр бүлийнхэн толгойдоо зүүж, харилцан нэг нэгэндээ бэлэглэдэг, наймаалцдаг байв.
Хуйа шувуу хамгийн сүүлд 1907 онд хүмүүст харагдсан баримт байдаг. Түүнээс хойш 20-30 жилийн хугацаанд баримт баталгаагүй хэд хэдэн тохиолдол тэмдэглэгдэж байжээ.
Хуйа нь жижгэвтэр биетэй, үзүүр хэсэг нь цагаан гоёмсог сүүлтэй дууч шувуу байсан гэдэг.
Даваа гарагт зарагдсан өд нь Шинэ Зеландын уугуул Маори өв соёлын хамгаалалтад байдаг эд юм байна.
Тиймээс дуудлага худалдаанд зөвхөн лицензтэй цуглуулагчид оролцсон ба өдийг Шинэ Зеландаас гаргахын тулд тус улсын соёл, өв уламжлалын яамнаас зөвшөөрөл авах ёстой ажээ.
Хуйа шувуу Шинэ Зеландын арлуудад Европчуудыг ирэхээс ч өмнө ховордсон байсан гэдэг.
Улмаар шинээр суурьшигчдын сонирхлыг татах болсноор устаж алга болсон юм байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!