Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Хилсээр хоригдож нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан таван иргэнд ₮48 сая олгосон нь сэтгэл санааны хохирлын хамгийн өндөр дүн"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 5 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хүрээнд төлөөлөн нэхэмжлэл гаргах үндэслэл, нөхцөл, шийдвэрлэлтийн талаар Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-ын гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар өнөөдөр мэдээлэл өглөө. 

ХЭҮК нь байгуулагдсан цагаасаа хойш төрийн болон албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэнийг төлөөлж нийт 43 удаагийн нэхэмжлэлийг гаргаж, 4.8 тэрбум төгрөгийг төрөөс нэхэмжилж байжээ. Үүний 33 удаагийнх нь буюу 3.3 тэрбум төгрөг нь  сэтгэл санааны хохирлынх байсан байна. 43 удаагийн нэхэмжлэлд шүүхээс нийт 557,481,000 төгрөгийг нь хангаж шийдвэрлэжээ. 

Харин 33 удаагийн сэтгэл санааны хохирол тооцож байсан нэхэмжлэлийн 19 нэхэмжлэлд нь 247 сая төгрөгийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн байна. 

Өнгөрсөн хугацаанд сэтгэл санааны хохирлыг үнэлэх аргачлал байхгүйгээс хохирогчид өөрсдөө сэтгэл санааны хохирлоо тооцож комисст ирүүлж байсан ба хамгийн их нь 500 сая төгрөг нэхэмжилж байсан бол хамгийн бага нь 800,000 төгрөг нэхэмжилж байжээ. 

Монгол улсын их хурлаас 2022 онд Шүүхийн шинжилгээний тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан бөгөөд тус хуульд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмыг баталсан байна. 

Шийдвэрлүүлж байсан зарим тохиолдлууд: 

2006 онд Food Land-н гэх тодотголтой хэрэгт холбогдож амь нас, эд хөрөнгө, нэр төрөөрөө хохирсон нийт таван иргэний хохирол 258 сая төгрөгийг шүүхээс нэхэмжилж байсан ба тухайн хэрэгт холбогдон шалгагдаж байсан нэг иргэн шалгагдаж байхдаа нас барсан. Нэг иргэн нь хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан байжээ. Иймд ХЭҮК-оос гаргасан нэхэмжлэлийн дагуу нийт 74.8 сая төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь өнөөдрийг хүртэл комиссоос гаргаж байсан хамгийн өндөр дүнтэй нэхэмжлэл аж. 

Уг нэхэмжлэлийн 48 сая төгрөгийг нь энэ хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа нас барсан иргэний ар гэр, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан иргэн, хэрэгт холбогдон цагдан хоригдсон иргэдийн сэтгэл санааны хохиролд тооцож олгож байжээ.  

2004 онд хилсээр хүн амины хэрэгт холбогдож шүүхээс гурван удаа цаазаар авах ял, нэг удаа 24 жилийн хорих ял сонсож, хоёр жил зургаан сар 18 хоног цагдан хорих буюу урьдчилан хорих байранд хоригдож, дөрвөн жил, хоёр сар долоо хоног гянданд ганцаарчлан хоригдож нийт зургаан жил найман сар 23 хоног хоригдсон иргэнийг төлөөлөн түүний нэр төр, эрүүл мэнд эд хөрөнгө, сэтгэл санааны хохиролд нэхэмжлэл гаргаж сэтгэл санааны хохиролд 16 сая төгрөг, гэм хорын хохиролд 2 сая төгрөг нийт 18 сая төгрөгийг шүүхээс хангаж шийдвэрлүүлж байжээ. 

Хэрэв нэхэмжлэл гаргахаар бол хохирсон иргэн өөрийгөө төлөөлүүлж шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлтийг комисст бичгээр гаргаж өгөх ёстой аж. Мөн нотлох баримтуудыг гаргаж өгөх хэрэгтэй ба гаргаж өгөх боломжгүй бол комиссоос албан бичиг явуулж өгдөг юм байна.