Лхагва гарагт Сингапурын ерөнхий сайд Ли Сянь Лун ажил үүргээ шадар сайд бөгөөд сангийн сайд Лоренс Вонд шилжүүлснээр түүний 20 жил үргэлжилсэн засаглал өндөрлөж байна.
Бас Сингапурын улс төр дэх Лигийн гэр бүлийн эрин үе үүгээр өндөрлөж байгаа юм.
1965 онд тусгаар тогтносноосоо хойш тус улс ердөө дөрөв дэх ерөнхий сайдын нүүр үзэж байгаа нь энэ бөгөөд тэд бүгд эрх баригч Ардын Үйл Хэрэг (People’s Action) намын гишүүд ажээ.
Анхны ерөнхий сайд Сингапурын үүсгэн байгуулагч гэгддэг Ли Куан Юү байв. Тэрбээр 25 жил засагласан юм.
Хэдийгээр 72 настай Ли Сянь Лун цаашдаа засгийн газрын сайдын албан тушаалд үлдэх ч энэ шилжилтийг ажиглагчид Сингапурын улс төр Лигийн гэр бүлийн сүүдрээс гарах эхлэл гэж үзэж байна.
Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр ерөнхий сайдын хувиар сүүлчийн удаа хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би бусад хүмүүсээс илүү хурдан гүйхийг хүсээгүй. Харин бусад бүх хүмүүсийг өөртэйгөө зэрэгцэн гүйлгэхийг хичээлээ” гэж Ли Сянь Лун ярьжээ.
Тэр бас өөрийн эцэг болон хоёр дахь ерөнхий сайдаас өөр аргаар Сингапурыг удирдах гэж хичээснээ тайлбарлаж, дэмжиж ажилласан ард иргэддээ талархал илэрхийлсэн байна.
Ноён Ли 1984 онд аавыгаа ерөнхий сайдаар ажиллаж байх үед улс төрд орсон юм.
Улмаар хоёр дахь ерөнхий сайд Го Чок Тоны үед засгийн газарт орж, 2004 онд ерөнхий сайд болж байжээ.
Түүнийг ерөнхий сайд болоход сингапурчууд үе залгамжилсан гэр бүлийн дэглэм тогтох нь хэмээн шүүмжилж, тэдний үеийг “аав, хүү, ариун Го” гурвын үе хэмээн хошигнодог байв.
Гэвч 20 жилийн хугацаанд Ли Сянь Лун хүмүүсийн бодлыг өөрчилж чадсан юм.
Түүний засаглалын жилүүдэд Сингапур улсын эдийн засаг цэцэглэн хөгжиж, олон улсын санхүүгийн болон аялал жуулчлалын том төв болон хувирсан байна.
Сүүлийн 20 жилийн хугацаанд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь хоёр гаруй дахин өссөн юм. Мөн Лигийн засгийн газар хэд хэдэн удаагийн хямрал, дэлхийн санхүүгийн хямрал, цар тахлыг амжилттай даван туулж чадсан гэж ажиглагчид үнэлдэг.
Гадаад бодлогын хүрээнд тэр АНУ, Хятадын сөргөлдөөний цаг үед аль алинтай нь тэнцвэртэй харилцаагаа хадгалж үлдэж чадсан юм.
Лигийн засгийн газар бас ижил хүйстнүүдийн эсрэг маргаантай хуулиа цуцалсан нь хүний эрхийг хамгаалах чиглэлд дэвшил болсон ч иргэдийн үг хэлэх эрх чөлөөг хязгаарладаг хэмээн шүүмжлүүлсэн хэвээр байв.
2000-аад оны эхэн үед ажиллах хүчний хомсдолыг бууруулах зорилгоор гадаадаас цагаачдыг ихээр авсан нь Сингапурын нийгэмд орлогын тэгш бус байдлыг нэмэгдүүлж, иргэдийн сэтгэл ханамжийг сулруулсан гэдэг.
Үүний улмаас эрх баригч нам 2011 оны сонгуулиар түүхэндээ хамгийн бага санал авч байсан бол 2020 онд ч бас энэ хандлага давтагдсан юм. Гэхдээ хувь хүнийхээ хувьд тэр сингапурчуудын дунд нэр хүнд өндөртэй хэвээр байлаа.
Ли Сянь Луны халааг нэг үе түүний нарийн бичгийн даргаар ажиллаж байсан 51 настай эдийн засагч Лоренс Вон авч байна.
Энэ нь тусгаар тогтносон 59 жилийнхээ түүхийн 49 жилд Ли овогт ерөнхий сайдтай байсан сингапурчуудын хувьд цоо шинэ хүн болж байгаа.
Өчигдөр хэлсэн үгэндээ тэрбээр “өмнөх үеийн удирдагчдаас ялгаатай, өөрийн гэсэн аргаар ажиллана” гэж мэдэгджээ.
Шинэ ерөнхий сайдыг нэг улс төр судлаач “нээлттэй сэтгэлгээтэй консерватив хүн” гэж тодорхойлоод өөрчлөлтийг том тэсрэлт байдлаар биш, аажмаар хэрэгжүүлж чадах хүн гэж үнэлсэн байна.
Даваа гарагт танхимын бүрэлдэхүүнээ танилцуулахдаа Вон “засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа энэ үед тасралтгүй байдал, тогтвортой байдал хамгийн чухал” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!