Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Отгонтуяа: Монгол Улсын 2025 оны Хөгжлийн төлөвлөгөөнд санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй 44 төсөл арга хэмжээ бий

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөл(ТТБЗ)-өөс Монгол Улсын 2025 оны Хөгжлийн төлөвлөгөөнд хийсэн дүн шинжилгээгээ өнөөдөр танилцууллаа.

Уг төлөвлөгөөг Засгийн газраас 31 зорилго, 224 зорилтыг хэрэгжүүлэхээр Төсвийн Ерөнхийлөн Захирагч(ТЕЗ)-ийн түвшинд 30, хөтөлбөрийн 58 үр дүнд хүрэхээр тооцон боловсруулжээ. Эдгээр үр дүнг хангахын тулд 216 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн 253 шалгуур үзүүлэлтээр тодорхойлохоор тусгасан байна. 

Тэгвэл хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдийн харилцан хамаарлыг харахад стратеги, санхүүгийн эх үүсвэртэй уялдсан байдал төдийлөн харагдаагүй аж. Тухайлбал авто болон төмөр зам, аж үйлдвэрийн парк зэрэг томоохон төслийн эдийн засгийн үр ашиг, санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгох шаардлагатай байгааг зөвлөлөөс онцолж байв. 

ТТБЗ-ийн гишүүн Л.Отгонтуяа "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө нь гурван хавсралттай. Эдгээрийн уялдаа холбоог авч үзэхэд 37 шалгуур үзүүлэлтийн суурь түвшин өнөөдөр ямар байгааг тодорхойлоогүй. Мөн тэргүүлэх чиглэлд бичсэн зорилтуудаа төлөвлөгөөндөө тусгаагүй эсвэл цоо шинэ нэмэлт зорилт гаргаж ирсэн нь уялдаа зохицуулалтгүй харагдаж байгаа. 

Үндсэндээ энэ төлөвлөгөөг найман чиглэлээр салбар салбараас ирсэн төлөвлөгөөний зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг нэгтгэж эвлүүлсэн, нэгдмэл биш байдалтай боловсруулсан гэж дүгнэлээ. 

Хэмжих үзүүлэлтүүд нь шаардлага хангахгүй, хэт ерөнхий байгаа нь эргээд бодлогынхоо үр дүнг дүгнэхэд хүндрэл үүсгэнэ. 

Хөгжлийн төлөвлөгөөний санхүүжилтийн төсөвт үзүүлэх нөлөөг авч үзэхэд санхүүжилтийн эх үүсвэрийн 13.6 хувийг бусад эх үүсвэрээс гэж заасан ч тэр нь юу гэдэг нь тодорхой бус. Мөн бусад эх үүсвэрээс гэж зааснууд нь стратегийн чухал ач холбогдолтой уул уурхайн мега төслүүд байгаа юм.

Түүнчлэн Хөгжлийн төлөвлөгөөнд санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй 44 төсөл арга хэмжээ бий. Иймд хуулийн шаардлагыг бүрэн хангахгүй байгааг харуулж байгаа.

Нийтдээ 11.9 их наяд төгрөгийн төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч хэрэгжилтийн түвшин нь ихээхэн эргэлзээтэй" гэлээ.