Ардчилсан Нам (АН)-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээс хасах шаардлагыг тус намын дарга Л.Гантөмөрт хүргүүлэх болсон талаар "Үндэсний мэдээллийн төв"д сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тодруулбал тус намын гишүүн Д.Монголхүү, н.Оюунбат, н.Ганхөлөг нар хэвлэлийн бага хурал зарласан юм.
Энэ талаар н.Оюунбат "АН-ын дотоод дүрэм мөрдөгдөж байгаа эсэхийг шалгаж хянах үүрэгтэй Үндэсний Бодлогын Хороо (ҮБХ) гэж бий. Манай "Эрх чөлөө төв"-ийн төлөөлөл АН-ын гишүүнчлэлээс зарим хүний нэрийг хасах шаардлагыг намын дарга Л.Гантөмөр болон ҮБХ-д хүргүүлэхээр боллоо.
Улс төрийн нам гэдэг бол иргэд сайн дураараа, итгэл үнэмшил, үнэт зүйлээр нэгдэж байгуулагддаг. Аливаа асуудал дээр нэг итгэл үнэмшилтэй иргэд тухайн намд байдаг.
Харамсалтай нь манай улс төрд тэр тусмаа АН-ыг итгэл үнэмшлийн бус бүлэглэх, сүрэглэх байдлаар эрх мэдэлд хүрэх арга хэрэгсэл, шат дамжлага болгож ашиглаж байна.
Ийм байдлыг бид нар шат шатандаа анхаарч, таслан зогсоох шаардлагатай гэж үзэж буй юм.
Манай намын дүрмийн дагуу гишүүд нь үнэт зүйл, дүрмийн эсрэг ажиллахыг хориглох, эсрэг намын багт орж ажиллавал хасах арга хэмжээ авах эрх бий.
Иймээс манай намын зарим гишүүний зүгээс дараах шаардлагыг хүргүүлж байна.
Уг шаардлагыг бид намын дарга Л.Гантөмөр болон ҮБХ-д хүргүүлнэ" гэж ярилаа.
Үүний дараа Д.Монголхүү "АН-ын үнэ цэнэ юунд оршдог вэ гэдэг талаар тайлбар өгье. Манай улс Манжийн дарлалд орохоосоо өмнө хэдэн мянган жилийн түүхэндээ аль нэг улсын эрхшээлд орж байгаагүй.
Манжийн дарлалаас хойш 1990 оныг хүртэл монголчуудын амьдрал эрх чөлөөний тэмцэл дунд өрнөсөн байдаг. Энэ 300 жил гаруй үргэлжилсэн эрх чөлөөний тэмцлийн хамгийн сүүлийн ялалтын тугийг босгосон үйл явдал бол 1990 оны ардчилсан хувьсгал.
Энэ үед монголчуудын хүсэл, сонирхлоор бий болсон цор ганц нам бол АН. Монгол Ардын Хувьсгалт Нам буюу өнөөдрийн Монгол Ардын Нам (МАН) нь Й.Сталины бодлогыг хэрэгжүүлэхээр Эрхүүд байгуулагдсан, Монголд үйл ажиллагаагаа явуулдаг Оросын хараат нам юм.
Өнөөдөр АН-д Оросын бодлогыг хэрэгжүүлж буй гол дүр нь Х.Баттулга юм. Үүний нэг илрэл нь Ерөнхийлөгч байх хугацаандаа цаазын ялыг эргэж сэргээнэ гэж ярьдаг байсан. Түүнчлэн чөлөөт зах зээлийн эсрэг цэргийн эдийн засагтай болгохоор оролдсон гэх мэт олон юм бий.
Ирэх сонгууль зөвхөн хоёр намын хооронд өрнөх зодоон биш. Хоёр улсын хооронд өрнөж буй асуудал болж байна. Үүнээс хойш эргээд Оросын хараанд орох эсэхийг шийдэх ач холбогдолтой сонгууль болно" гэлээ.
Түүнчлэн намаар дамжуулан Х.Баттулга мэтийн нөхдөд сонгуульд оролцох боломж олгоод байвал ирэх сонгуульд АН ялагдсан нь дээр, сонгуульд оролцох шаардлагагүй гэдгийг тодотгосон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!