Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

NASA-гийн мэргэжилтнүүд 24 тэрбум километрийн алсад байгаа сансрын хөлгийн гэмтлийг засаж чаджээ

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Дэлхийгээс хамгийн алс хол зайд хүрээд буй хүний гараар бүтсэн техник бол 46 жилийн настай Voyager 1 хөлөг юм.

Уг хөлөг одоо дэлхийгээс 24 тэрбум километрийн алсад аялж яваа.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Voyager 1 хөлгөөс ирдэг тоон мэдээлэл эвдэрч, ойлгогдохгүй болсон тухай NASA мэдээлж байжээ.

Тэгвэл таван сар орчим хугацаанд ажилласны үр дүнд мэргэжилтнүүд хөлөгтэй дахин хэвийн холбоо тогтоож чадсанаа өчигдөр мэдээлсэн байна.

Эхний ээлжид хөлгийн системийн төлөв байдлын талаар мэдээлэл хүлээж авдаг болсон бол удахгүй шинжлэх ухааны судалгааны мэдээллүүдийг мөн хүлээж авдаг болох гэж байгааг NASA мэдээлжээ.

Voyager 1 хөлгийн дэлхий рүү илгээх мэдээллийг кодлох үүрэгтэй программ бүхий чип эвдэрснээс гэмтэл гарсныг мэргэжилтнүүд тогтоосон байна. Алс зайд байгаа чипийг солих боломжгүй тул тэд өөр бүтээлч санааны эрэл хайгуулд гарчээ.

Ингээд хөлгийн санах ойн өөр хэсэгт программыг шилжүүлж ажиллуулах арга олсон байна.

Системийн ажиллагааг засварлах командыг дөрөвдүгээр сарын 18-ны өдөр дэлхийгээс илгээжээ. Радио долгион дэлхийгээс Voyager 1 хөлөгт хүрэхэд 22.5 цаг зарцуулдаг бол хариу нь буцаж ирэхдээ мөн адил хугацаа зарцуулдаг юм байна.

Ингээд дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Voyager 1 хөлгөөс зөв мэдээлэл ирж эхэлсэн нь хөлгийн систем засагдсаны баталгаа болжээ.

“1977 онд үйлдвэрлэгдсэн машины компьютерын чип эвдэрсэн гэж төсөөлөөд үз. Энэ машин биднээс 24 тэрбум километрийн алсад буюу од хоорондын орон зайд байгааг бас төсөөлөөд үз. NASA-гийн Voyager 1 хөлгийн гэмтлийг программ хангамжийн энэ гайхалтай баг засаж чадлаа” гэж Канадын сансрын нисгэгч асан Крис Хэдфилд Х хуудсандаа бахархан бичсэн байна.

Voyager 1 хөлгийг 1977 онд Бархасбадь, Санчир гарагуудыг ойрын зайнаас судлах зорилгоор таван жилийн хугацаатай хөөргөж байжээ.

Гэхдээ NASA үүргээ гүйцэтгэсэн хөлгийг цааш хязгааргүй алсад аялуулахаар шийдвэрлэсэн байна. Voyager 1 хөлөг 2012 оны наймдугаар сард од хоорондын (interstellar) орон зайд шилжсэн бөгөөд хүний гараар бүтсэн техник нарны аймгаас гарсан анхны тохиолдол болсон юм.

Одоо уг хөлөг цагт 60,821 километрийн хурдаар дэлхийгээс улам холдож байгаа. Түүний ард адилхан 1977 онд өөр траектороор хөөргөсөн Voyager 2 хөлөг арай удаан хурдаар аялж байгаа юм.

Хөлгүүд одоо нарнаас хэт холдсон тул плутонийн цацраг идэвхт задралаас үүссэн дулааныг цахилгаан эрчим хүчинд хувирган ашигладаг.

Хөлгүүд хэр их эрчим хүч үйлдвэрлэж чадахаас шалтгаалан ирэх 10 жилийн дотор дэлхийгээс бүрэн холбоо тасрахыг NASA-гийн мэргэжилтнүүд тооцоолсон байна.

40,000 орчим жилийн дараа Voyager хөлгүүд нарнаас өөр однуудад ойрхон зайд (астрономийн хэмжүүрээр) хүрч очих юм.

Тухайлбал Voyager 1 хөлөг “Ursa Minor” ордын нэг одонд 1.7 гэрлийн жилийн зайд хүрэх бол Voyager 2 хөлөг “Andromedia” ордын Ross 248 нэртэй одонд мөн ойролцоо зайд хүрэх ажээ.

 

Эх сурвалж: CNN