Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Хайлаастад гарсан ослын улмаас 16 настай нэг хүүхэд амь насаа алдсан. Жолооч нар хааз, тоормосоо андуурсан эсэхийг тогтооно"

Б.Манлай
2024 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр орой "Toyota Prius","Hyundai Verna" загварын автомашин мөргөлдөж, 4-16 насны зургаан хүүхэд, насанд хүрсэн нэг хүн осолд өртсөн талаар мэдээлж байв. Уг ослын нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Урьдчилан Сэргийлэх Газрын ХМОНХХ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг "2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны 19:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлааст орчимд хоёр суудлын тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас явган хүний замаар зорчиж байсан иргэд гэмтсэн осол бүртгэгдсэн.

Хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас 16 настай нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай явдал болсон.  

Мөн 4-14 насны таван хүүхэд, нэг том хүн бэртэж, ГССҮТ-д эмчлүүлж байна. Бэртсэн иргэдийн гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч томилогдсон.

Цагдаагийн байгууллагаас ослын шалтгааныг тодруулахаар газар дээр нь ажилласан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Жолооч нар хааз, тоормосоо андуурч гишгэсэн эсэх нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоно.

Хоёр машины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Эмэгтэй жолооч бий. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх нь шалгагдсан.

2024 оны гурван сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж, хохирсон 149 мэдээлэл бүртгэгдсэн.

Иргэд явганаар хөдөлгөөнд оролцож байх үед, тээврийн хэрэгслээр зорчиж байх хугацаандаа осолд өртөх зэрэг олон шалтгаан байна. Тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагагүй байдал, техникийн бүрэн бус байдал, хурд хэтрүүлэх зэрэг нь осол гарах шалтгаан гэж үзэж болно" гэж мэдээллээ.

Осолд өртсөн иргэд гарцаар гарч явсан эсэх зэрэг нь шалгалтаар тогтоогдоно. Чанартай жолооч бэлтгэх нь жолооны сургалт явуулдаг байгууллагуудын эрх, үүрэг гэдгийг тэрбээр тодотгов.