Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын бүжигчдийн тэмцээн анх удаа Улаанбаатар хотод болно

Б.Манлай
2024 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“World Ballet and Dance Grand Prix Mongolia -2024” дэлхийд алдартай олон улсын бүжигчдийн тэмцээнийг анх удаа Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд Соёлын Төв Өргөөнд зохион байгуулахаар болсон талаар уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Тэдний мэдээлснээр тэмцээний нээлтийн тоглолт дөрөвдүгээр сарын 22-ны 19:00 цагт Соёлын Төв Өргөөнд болох бөгөөд Үндэсний урлагийн их театр, Улаанбаатар театр, “Номадик продакшн”, Монгол Улсын Консерватори, Хатан чуулга, “G river” балет студи болон олон улсын бүжигчид оролцох юм байна.

Монгол Улсад анх удаа зохиох энэхүү тэмцээнд Казахстан, ОХУ, АНУ, БНСУ, Монгол, Хятад, Филиппин зэрэг улсын дэлхийд алдартай шилдэг бүжигчид оролцох бөгөөд хаалтын “Гала” тоглолт дөрөвдүгээр сарын 29-нд Соёлын Төв Өргөөнд товлогджээ.

“Гала тоглолтод Казахстаны “Астана” театрын тэргүүн гоцлооч, дэлхийн шилдэг бүжигчин Бахтияар Адамжан, ОХУ-ын Русский балет театрын тэргүүн гоцлооч, дэлхийн од Сиори Фукуда, ОХУ-ын “Красноярск” бүжгийн чуулгын гоцлол бүжигчин Александр Ляпин, Филиппин улсын “DPP Dance” театрын захирал Мариахао, Филиппин улсын “DPP Dance” театрын бүжиг дэглээч, гоцлооч Анира Лидиа Абао зэрэг бүжгийн урлагийн дэлхийн хэмжээний одууд оролцоно" гэв.

Тэмцээний шүүгчээр World Ballet Grand Prix New York болон Mongolia тэмцээний уран сайхны удирдаач У.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Ардын жүжигчин тэргүүн шүүгч Вячеслав Гордеев, “World Ballet and Dance Grand Prix” тэмцээний үүсгэн байгуулагч ноён Пак Жэ Кеүн, СУИС-ийн Бүжгийн Урлагийн Сургуулийн захирал, урлагийн Гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч, найруулагч Д.Баярбаатар, Красноярскийн улсын эрдмийн бүжгийн чуулгын гоцлол дуучин Александр Ляпин, Ардын жүжигчин О.Ганбаатар нар ажиллах юм байна.