Уншиж байна ...

Тройн дайныг дүрсэлсэн ханын чимэглэлтэй зоогийн танхим Помпейн малтлагын үеэр олджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Везуви галт уулын дэлбэрэлтийн үеэр сүйрсэн эртний Ромын Помпей хотын балгаснаас Тройн дайныг дүрсэлсэн ханын чимэглэл бүхий зоогийн танхим илрүүлснээ Италийн эрх баригчид өчигдөр зарлажээ.

Ханыг чимэглэсэн зураг, шигтгээнүүдийн арга техник, дүрийн сонголт зэргээс харвал 15 метр урт, 6 метр өргөн хэмжээтэй уг танхимыг хүлээн авалт, баяр ёслолд ашигладаг байсан байх магадлалтайг Помпейн Археологийн Парк мэдээлсэн байна.

“Тосон дэнлүүнээс гарах утаа тортог тогтохоос сэргийлэх зорилгоор ханыг хар өнгөөр будсан байна. Орой нар жаргасны дараа хооллохоор цугларсан хүмүүст, ялангуяа хэдэн шил Кампани дарс задалсны дараа, дэнлүүний анивчих гэрэл ханын дүрслэлүүдийг хөдөлгөөнтэй мэт харагдуулдаг байсан нь тодорхой” гэж паркийн захирал Габриэл Зуктригель тайлбарлажээ.

зураг
 

Нийтийн тооллын 79 онд Везуви галт уул дэлбэрэхэд Помпей хот болон түүний ойр орчмын газар нутаг үнс нурманд дарагдаж, олон мянган ромчууд амьдаараа булшлагдсан юм.

Одоо энэ хотын туурь дээр Европын Холбооны 105 сая еврогийн санхүүжилттэй археологийн малтлага явагдаж байгаа.

Шинээр илэрсэн танхимын ханан дээрх зургуудад баатарлаг үйлс, хувь заяаны сэдэв голдуу дүрсэлжээ.

зураг
 

Тухайлбал нэг хэсэгт хайр дурлал нь Тройн дайны шалтгаан болсон Парис, Хелен нарыг харуулсан байна. Өөр нэг хэсэгт Грекийн домогт гардаг зөнч Кассандра болон Грек-Ромын бурхдын нэг Аполлог дүрсэлжээ.

Домогт өгүүлснээр Кассандра  нь Аполлогоос авсан онцгой чадварын тусламжтайгаар Тройн дайныг зөгнөсөн гэдэг. Гэхдээ түүнд хэн ч итгээгүй нь Кассандра өөрийнх нь болохоос татгалзсаны төлөө Аполлогийн хийсэн хараалтай холбоотой гэж тайлбарладаг юм.

“Домгийн хосууд танхимд цугларсан хүмүүст өнгөрсөн үе болон амьдралын тухай яриаг эхлүүлэх сэдэл болдог байсан байх” гэж Зуктригель ярьсан байна.

Италийн соёлын сайд Женнаро Сангиляно “Помпей бол үнэхээр биднийг гайхшируулж дуусдаггүй эрдэнэсийн авдар юм. Учир нь бид малтах бүрдээ үзэсгэлэнтэй, онцгой содон зүйлсийг илрүүлдэг” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Зураг
14 | 18 | 19 цаг