Гэдэсний халдварт өвчний тархалт ба урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн зөвлөгөөг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн Тандалт судалгааны албаны халдвар судлаач их эмч Т.Алтан-Ембүүгээс тодрууллаа.
Энэ төрлийн өвчлөлийн 80-90 гаруй хувь нь 0-9 насны хүүхдүүдэд тохиолдож байна. Бага насны хүүхдүүд аливааг гараараа мэдэрч, газар мөлхөж тоглодог. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчдын зүгээс хүүхдийнхээ гарын ариун цэврийг сайтар сахихыг зөвлөе.
Түүнчлэн гадуур өмссөн гутлаа гэртээ ороод шууд тайлах, гараа ариутгах хэрэгтэй. Эдгээр энгийн аргыг хэвшүүлснээр гэдэсний халдварт өвчний тохиолдлыг тодорхой хэмжээнд бууруулах боломжтойг тэрбээр хэлж байлаа.
Мөн "Гэдэсний халдварт өвчлөл дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртэл нэмэгдэх хандлагатай байдаг. Энэ нь дулааны улиралд нянгийн идэвхжил илүү явагддагтай холбоотой.
Өөрөөр хэлбэл нян өсөж, үржих таатай нөхцөл бүрддэг бөгөөд үүнийг дагаад өвчлөлийн тохиолдол өсдөг гэсэн үг.
Гэдэсний халдвар нь дараах хоёр замаар дамжих эрсдэлтэй. Тодруулбал
Хоол хүнс эсвэл бохир эд зүйлсээс халдвар авдаг учраас гадуур өмссөн гутал, хувцсаа гэртээ ороод шууд тайлахыг зөвлөе. Түүнчлэн гарын ариун цэврээ сайтар сахих нь өвчлөлөөс сэргийлэх чухал алхам. Үүний зэрэгцээ хоол, хүнсний хадгалалтын горимыг шалгаж, хугацааг нь нягталж үзэх хэрэгтэй.
Бага насны хүүхдүүдийн дунд энэ төрлийн өвчлөл илүү бүртгэгдэж байна. Тэр дундаа нийт өвчлөлийн 75 хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Энэ насандаа хүүхдүүд аливааг гараараа мэдэрдэг, улмаар гараа амандаа хийдэг онцлогтой. Тиймээс хүүхдийнхээ гарын ариун цэврийг сайтар сахиж, орчноо угааж цэвэрлэх нь зүйтэй.
Хэрэв хүүхдийн тань тоглоом бохирдсон бол угааж цэвэрлээд цэвэр усаар зайлах, 30-40 минутын хугацаанд содатай усаар ариутгах ёстой.
Эдгээр энгийн аргыг баримталснаар гэдэсний халдвараас урьдчилан сэргийлж чадна" хэмээн зөвлөлөө.
Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дур мэдэн эмчилгээ хийхгүйгээр өрх, дүүргийн эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авснаар тохирсон эмчилгээгээ цаг алдалгүй хийлгэх боломжтой.
Хамгийн гол нь хувийн ариун цэврээ сахих, өвдсөн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах ёстойг Т.Алтан-Ембүү эмч хэлж байлаа.
Үргэлжлүүлэн "Өвөлжин хөрсөнд хаягдсан угаадас, нус, цэр зэрэг бохирдол дулаарахтай зэрэгцэн гэсэж эхэлнэ. Улмаар тухайн нян нь гутлын уланд наалдаж, зөөвөрлөгдөх эрсдэл бий.
Гэртээ орохдоо гадуур өмссөн гутлаа тайлах хэрэгтэй. Ингэхгүй бол хүүхдүүд газар тоглох, бохирдлыг мэдэхгүй учраас гараа амандаа хийх, улмаар өвчин тусах магадлал ихэсдэг.
Өнгөрсөн нэг, хоёрдугаар сард гэдэсний халдварт өвчлөлөөр 20-30 хүн ХӨСҮТ-д хандаж байсан. Харин энэ сар гарсаар 80-90 гаруй хүн хандаж байна.
Гараа ариутгах энгийн арга урьдчилан сэргийлэхэд тусална.
Тухайлбал коронавирусээс өмнө 2018 онд цусан суулгын 6,265 өвчлөл бүртгэгдэж байсан. Улмаар хүмүүс гарын ариун цэврээ сахиж, ариутгадаг дадал хэвшлийг бий болгосноор коронавирусийн үед өвчлөл 731 болтлоо огцом буурсан байдаг.
Энэ нь гарын ариун цэвэр сахихын ач холбогдлыг илэрхийлэх тоон үзүүлэлт болох байх" хэмээн зөвлөж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!